Кон Аяа: Монголд соёл урлаг өндөр хөгжсөнийг дэлхий дахинд сурталчлах хэрэгтэй

Монголын мэдээ | Ярилцлага
bolor@montsame.mn
2021-03-31 11:59:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Монгорү Цүүшин” сонины сайн дурын мэргэжилтэн Кон Аяад Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг энэ сарын 26-нд гардуулсан юм.


Энэхүү өргөмжлөлийг Япон, Монгол хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулсан хувь хүн болоод байгууллагад олгодог. Кон Аяа нь Монгол Улсад 20 гаруй жил амьдрахдаа Монголын талаарх мэдээ, мэдээллийг япон хэлээр түгээх, сурталчлах үйлсэд хувь нэмрээ оруулж ирсэн юм.


-Юуны түрүүнд Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл хүртээд буй энэ үеийн сэтгэгдлийг тань хуваалцмаар байна...?


-Монгол надад өөрийн дуртай зүйлээ хийж чөлөөтэй байх боломжийг олгосон. Эл шагналыг хүртээнэ гэхэд эхэндээ ичмээр санагдаж татгалзсан. “Тал нутгийн марафон” болон явуулын номын сан гээд өдийг хүртэл хийж хэрэгжүүлсэн бүх ажлаа оюутнуудтайгаа хамтарч хийж ирсэн учраас ганцаараа энэ шагналыг хүртэх нь жаахан эвгүй санагдсан. Тиймээс шагнал гардуулах ёслолд шавь нарынхаа төлөөллийг оролцуулж санаа амарсан.


Мөн энэ шагналыг Монголын Хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулдаг “Тал нутгийн марафон” олон улсын марафон гүйлтийн тэмцээнд зохион байгуулах хорооны гишүүний хувиар оролцож, удаан хугацаанд олон улсын харилцаатай холбоотой ажиллаж ирснээс гадна Монгол дахь япон хэлний боловсрол, япон соёлыг түгээн дэлгэрүүлэх зэрэг хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн олгосон гэж ойлгож байна. Энэ жил хоёр хүнд хүртээсэн юм билээ.



-Та Монголд олон жил амьдарч, ажиллаж байгаа. Монгол орны юу нь таны сэтгэлийг татдаг вэ. Монголд хамгийн олон жил амьдарч буй япон хүн гэж таныг ойлгож болох уу?


-Монгол Улсад 20 жил амьдарч байна. Анх Монголд ирэхдээ зочид буудалд буулгүй малчин айлд байхаар хүсэлтээ өгч байсан. Японд байхаасаа л Монголыг ихэд сонирхдог байлаа. Аав, ах хоёр маань Оросын соёлын харилцаатай холбоотой ажил хийдэг байсан учир социалист улсууд их сонирхолтой санагддаг байсан. Оросын дараах социализмд шилжсэн хоёр дахь улс бол Монгол байсан учраас тэтгэвэрт гарсныхаа дараа монгол явна гэдгийг гэр бүл, ажлын хүмүүс болон эргэн тойрныхон бүр мэддэг болчихсон байсан л даа.


Анх 1997 онд “Тал нутгийн марафон” тэмцээн зохион байгуулахаар ирсэн. Түүнээс хойш өвөл, зундаа нэг удаа ирдэг байв. Тухайн үедээ Монголд цаашид амьдарч болох эсэхийг харж судалсан л даа. Тэгээд тэтгэвэрт гарсныхаа дараа Непал, Монгол Улсын аль руу нь явах вэ гэсэн сонголттой тулгарсан. Монгол орон миний сонирхлыг ихэд татаж нийгмийн өөрчлөлтийг өөрийн нүдээр үзмээр санагдсан.


Тухайн үед Монголд япон хэлтэй хүн цөөхөн, япон хэл сурахыг хүссэн хүн их байлаа.  2001 оны 9 дүгээр сараас Улсын Багшийн их сургуульд япон хэлний багшаар орсон. Үнэхээр төсөөлж ч байгаагүйгээр миний амьдрал өөрчлөгдсөн. 2001 оны 5 дугаар сард тэтгэвэртээ гарч, 7 дугаар сараас Монголд ирсэн. Бүх зүйл хурдан шийдэгдсэнд хүмүүс гайхаж байсан. Анх Монголд ирэхдээ байгалийн сайхныг мэдрэн, явуулын номын сангийн үйл ажиллагааг өргөжүүлэх бодолтой байсан ч түүнээс хойш Хүмүүнлэгийн их сургууль, Боловсролын их сургууль, Энх-Орчлон сургууль, МУИС-ийн ХЗС Японы эрх зүйн боловсрол, судалгааны төвд япон хэлний багшаар ажиллаж байна. Тэнд сурч байгаа оюутнуудад Японы Нагояагийн хуулийн сургуульд суралцахад нь тус нэмэр болохыг хүсдэг.


-Өмнө нь МОНЦАМЭ агентлагийн шилдэг сэтгүүлчид олгодог “Алтан дүрмийн эзэн” шагналыг хүртэж байх үеэрээ Монголд давхар солонго татаж байсан зургийг хараад ирэх хүсэл төрсөн гэж байсныг тань санаж байна...?


-Би Японд байхдаа спортод дургүй байсан ч ууланд авирах дуртай байлаа. Нэг авирвал заавал оройд нь гарна. Залуугаасаа ууланд авирч байсан. Ууланд гарахад тэнгэр эрхэс, од гараг гээд байгалийн сайхныг харах үнэхээр сайхан. Японд Монголын тухай бичсэн “Сүхийн цагаан морь” гэдэг зурагт ном бий. Тэр номыг нээтэл монгол гэрийн цаад талд хоёр давхар солонго татсан зураг нүдэнд туссан. Давхар солонго татдаг гэж өмнө нь төсөөлж ч байгаагүй. Тэгээд заавал Монгол явж хоёр давхар солонго үзэх юмсан гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн. Байгальд дуртай, байгалийн сайхныг олж харах гэсэн хүсэл маань намайг Монголд авчирсан.

Мөн үзэсгэлэнт байгалиас гадна Монголд социализм ямар байдлаар өрнөсөн тухай нүдээр үзэхийг хүссэн. Харин энэ тухай хүмүүсийг сонирхоод асуухад нь, хоёр давхар солонго татсаныг үзэх гэж ирсэн гэж хэлдэг байлаа. Харин улс төр, социализмын байгуулалтыг сонирхож ирснээ хэлж байгаагүй. 


-Та ардчилсан хувьсгал өрнөснөөс хэдхэн жилийн дараа Монголд ирж байжээ. Үүнээс хойш Монголд өнөөг хүртэл амьдарсан хүний хувьд манай улсын хөгжил, нийгмийн амьдралын талаар ямар үзэл бодолтой явдаг вэ?


-Монголын ардчилал тайван замаар, ард түмний нэгдлээр бий болсон. Мэдээж Оросын нөлөө ч байсан байх. Ардчилсан хувьсгал ялсны дараа монголчууд хэцүү амьдралыг туулсан. Намайг ирэхэд үнсэн саарал өнгөтэй хотод алхаж байгаа юм шиг санагддаг байсан. Япон улстай харьцуулахад хотын хөгжил буурай байсан ч, гудамжаар алхаж яваа хүмүүс сэргэлэн цовоо харагддаг байв.

Миний хувьд зурагт номд дуртай учраас хотоор явж хайхад ердөө олддоггүй байлаа. Тухайн үед эдийн засгийн хөгжлөө л урагшлуулахыг зорьсноос, соёлын холбогдолтой зүйлс нь нэлээн устсан болов уу гэж боддог.



-Ер нь монголчуудтай хамтран ажиллахад ямар байдаг вэ, ялангуяа япон хүмүүсийн хувьд...?


-Би уужуу, тайван зантай учраас монголчуудтай төстэй санагддаг. Энэ талаараа монголчуудтай хамтран ажиллахад санал нийлж төвөггүй ойлголцдог. Харин монголчууд цаг баримталдаггүй, “би төвт" үзэлтэй байдаг. Тэгвэл япон хүн хамт ажиллаж байгаа хүндээ төвөг удахгүй байхыг урьтал болгодог учраас өөр байдаг. Оюутнуудаа ажиглаж байхад залхуураад байгаа нь анзаарагддаг. Харин зорилготой бол маш богино хугацаанд бүх хүчээ шавхаж, бодсоноос ч илүү үр дүнг харуулж чаддаг, “толгой сайтай” хүмүүс гэж хэлж болно.


Намайг ирэх үед траншейны хүүхдүүд олон байсан. Японы NHK зэрэг телевизийн нэвтрүүлэг, сонинд траншейны хүүхдүүдээс эхлээд монголчуудын муу талыг л голдуу харуулдаг байв. Харин би эсрэгээрээ, яагаад монголчуудын төрх байдал, зан чанарыг харуулж болохгүй гэж бодож Монголыг яг байгаагаар нь харуулах зорилготой “Кон байна уу” сэтгүүлийг 20 дахь жилдээ гаргаж байна. Одоо ч Японд Монголд траншейны хүүхдүүд байдаг, зөвхөн малчин хүмүүсээр төсөөлөх тохиолдол бий. Энэ сэтгэлгээг өөрчлөхийг хүсдэг.


-Та гэр бүлээ танилцуулж болох уу, энд хэн хэнтэйгээ амьдардаг вэ?


-Нөхөр маань сэтгүүлч. Гурван хүүхэд, зургаан ач, зээтэй, бүгд Японд амьдарч байгаа. Тэтгэвэрт гарсныхаа дараа тус тусынхаа дуртай ажлаа хийж амьдарна гэж нөхөртэйгөө зөвшилцөөд Монголд ганцаараа ирсэн.


-Тантай өмнө нь ярилцаж байхад монгол гэрт амьдардаг гэж байсан. Хэвээрээ юу?


-Амралтын өдрөөр эсвэл зун Гачуурт руу гэр рүүгээ явдаг. Гэртээ очихоороо хотын чимээ шуугианыг мартаж сэтгэл санаа тайвширдаг. Тийм болохоор Гачуурт явах үнэхээр дуртай. Явах бүртээ ганцаараа ууланд гардаг. Зуун удаа очсон ч зуун удаа сэтгэл зүрх дүүрэн буцаж ирдэг. Монголд анх ирснийхээ дараа шууд л гэр худалдан авсан. Монголд ирээд анх хоносон малчин айлынхаа эзэнтэй өнөөг хүртэл сайхан харилцаатай байдаг.



-“Тал нутгийн марафон” олон улсын тэмцээнийг яагаад Монголд зохион байгуулахаар шийдсэн бэ?


-“Тал нутгийн марафон” гүйлтийн тэмцээнийг Фүживара Тацүичи гэдэг Япон хүн анх эхлүүлсэн. Энэ хүн марафоны тамирчин. Монголд талх барих аргыг заахаар сайн дурын ажлаар анх ирсэн. Монголын тал нутгийг хараад, өөрөө тамирчин учраас энэ сайхан талд марафон зохион байгуулах саналыг Монголын Олимпын хороонд тавьснаар Төв аймгийн Өндөр дов гэдэг газарт 1997 онд эхлүүлж байсан.

Монголын тал нутгаар япон, монгол болон бусад гадаад орнуудын гүйгчид, спорт сонирхогчдыг өргөнөөр татан жил ирэх тусам хүрээгээ тэлж байна. Анхны тэмцээнд 400 орчим хүн оролцож байсан бол одоо 3000 орчим хүн гүйдэг, олон улсын томоохон марафон болон өргөжсөн.

Марафон зуны улиралд болдог учраас талын цэцэгс, байгалийн сайхныг хараад сэтгэл сэргэдэг. Монгол Улсад одоогоор хотод “Улаанбаатар марафон", хөдөө орон нутагт “Тал нутгийн марафон” гэсэн хоёр том марафон зохион байгуулж байгаа. Монгол Улсыг дэлхийд сурталчлах хүсэл зорилгын маань нэг нь “Тал нутгийн марафон” хэмээн бодож явдаг.


-Монголын хэчнээн аймгаар аялав. Очиж үзээгүй нутаг бий юу?


-Ихэнх нутгаар явсан. Баян-Өлгий аймагт өвөл хоёр, зун хоёр гээд дөрвөн удаа очиж байсан боловч дахин очихыг маш их хүсдэг. Өмнөговь, Дорнод аймаг руу явж байсан. Дорнод аймагт Халх голын дайн болж байсан учир анх ирэхдээ л очихыг хүсэж байсан, тэгээд очиж үзсэн. Монгол Улс Японтой тулалдаж байсан ч гэсэн хоёр орны харилцаа үнэхээр сайн түвшинд хүрсэн нь гайхалтай юм. Би Монголын нутгийг урд, хойд, зүүн, баруун гээд өөр өөрийн онцлогтой дөрвөн бүсээс бүрддэг гэж би боддог. Харин Ховд аймагт очиж амжаагүй байгаа.



-Та чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?


-Монголын соёл урлаг, дуурь, музейг үзэх дуртай. Амралтын өдөр бүр, жилдээ 40 гаруй дуурийн тоглолт хийдэг Азид төдийгүй дэлхий дээрх цор ганц улс бол Монгол. Тиймээс МУГЖ Г.Ариунбаатар, Э.Амартүвшин нарын чадварлаг дуучдыг дэлхийд сурталчлах хэрэгтэй. Би Монголд дуурь ингэж хөгжсөн, ийм мундаг дуучидтай гэдгийг япончуудад таниулахын тулд “Кон байна уу” сэтгүүлдээ Монголын дуурийн тухай байнга нийтэлдэг. Харин монголчууд энэ талаа анзаардаггүй, өөрийн улсынхаа үнэт зүйлээ орхигдуулсан юм шиг санагддаг. Тиймээс монголчуудыг үнэт зүйлээ мэдрээсэй гэж боддог. Чингис хаан, морин хуурыг дэлхий даяар мэддэг. Харин Монголд урлаг соёл өндөр хэмжээнд хүрч хөгжсөн гэдгийг дэлхий дахинд сурталчлах ёстой. Коронавируст цар тахал гарсны улмаас дуурь үзэж чадахгүй сэтгэлээр их унаж байна. Дуурь үзэхдээ  Монголын урлагийн гайхамшигтай талыг мэдрүүлэх зорилгоор оюутнуудаа дагуулж очдог.


-Таны хэлж байгаа шиг, монголчууд өөрсдийн үнэт зүйлээ анзаарахгүй байна гэж өөр нэг япон хүн хэлж байсан. Үнэхээр энэ бол бидний том сул тал байдаг байх аа?


-Монголд ирсэн ямар ч эмэгтэй хүнд малчин хүн хүчирхэг харагддаг. Миний хувьд нүүдэлчдийн цомхон байдлыг үнэлдэг. Япончуудын хувьд нүүлээ гэхэд маш их новштой байдаг. Нүүдэлчдийн амьдралыг үзэх гэж дэлхийн олон улсаас жуулчид Монголыг зорьж ирдэг. Монголд мөнгөөр худалдаж авч болохооргүй үнэ цэнтэй зүйл ихтэй улс шүү. Тухайлбал, уудам хөх тэнгэр, үзэсгэлэнт байгаль байна.

Мөн өндөр настнаа тэтгэх гээд монголчуудын гэр бүлсэг харилцаанаас япончууд суралцаасай гэж боддог. Энэ бол үнэхээр үнэ цэнтэй зүйл юм. Монголчууд хүүхдийг энхрийлж хайрладаг. Японд өсвөр насны хүүхэд амиа хорлох, эцэг эхтэйгээ таарамжгүй болох зэрэг сэтгэл өвдмөөр хэрэг их гардаг. Монголчууд хүүхдээ нандигнан хайрладаг нь үнэхээр сайхан санагддаг.


-МОНЦАМЭ агентлаг, “Монгору цүүшин” сонинтой хэрхэн ажил, амьдралаа холбов?


-“Монгору цүүшин” сонин 2003 онд анх байгуулагдсан. Би 2004 оноос ажилласан. Тухайн үед ажиллаж байсан Абэ Хитоши гэдэг япон хүн нутаг буцах болоод надад санал тавьснаар ажиллаж эхэлсэн л дээ. Монголд Абэ бид хоёр сэтгүүлч мэргэжилтэй байсан юм. Би сэтгүүлчээр 50 гаруй жил ажиллаж байна. Одоо би 80 настай. Японд 80 настай хүн ажил хийдэггүй, би харин ажиллаж байгаадаа баяртай явдаг.


Холбоотой мэдээ