"Эгшиглэнт говь-2020" яруу найргийн наадмыг цахим хэлбэрээр зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ "Эгшиглэнт говь-2020" яруу найргийн наадмыг цахим хэлбэрээр явуулж шилдгүүдээ шалгарууллаа.
МЗЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбараас зохион байгуулдаг оны шилдэг шүлэгч шалгаруулдаг тус наадам 2020 онд цар тахлын улмаас хойшлуулаад байсан юм. Уг наадмыг цахим хэлбэрээр энэ онд нөхөн зохион байгууллаа. Уг наадамд 20 гаруй яруу найрагч шүлгэн хүлгээ сойсноос Гомбын Сэр-Одын шагналт яруу найрагч Т.Батхүрэл цомын эзэн боллоо. Тэрээр энэхүү наадамд 2018 онд түрүүлж цом хүртэж байсан бөгөөд ийнхүү хошой цомын эзэн боллоо. Яруу найрагч Ц.Буянхүү дэд байрт, гуравдугаар байрт Б.Бүжин, тусгай байрт М.Билгүүндалай, И.Цэндсүрэн нар шалгарлаа.
Тус наадмын ерөнхий шүүгчээр МЗЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбарын тэргүүлэгч гишүүн Б.Сайнбуян, шүүгчээр МЗЭ-ийн шагналт ахмад зохиолч Ү.Батням, "Батмөнх даян хааныг алдаршуулах нийгэмлэг"-ийн захирал Л.Батчулуун нар ажиллав. Наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр "Өнөд өвлөх урлахуй" ХХК, ивээн тэтгэгчээр "Тэнгэрийн мэлмий" ХХК, дэмжигч аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Будгэрэл нар уран бүтээлчдээ дэмжлээ. Үзэгчгүйгээр зохион байгуулсан уг яруу найргийн наадам нэвтрүүлэг болон олон нийтийн хүртээл болох юм.
"Эгшиглэнт говь-2021" яруу найргийн наадмаа энэ онд Хүрмэн суманд зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.