Сүхбаатар аймаг зургаа хоног 0 зогсолт хийнэ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-03-29 23:19:58

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын 12 дугаар хуралдаан болж, коронавирусний халдварын тохиолдол батлагдсантай холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцлээ.

Баруун-Урт, Халзан, Наран, Мөнххаан, Уулбаян, Түмэнцогт сумыг улаан, бусад сумыг улбар шар түвшинд шилжүүллээ. Улмаар 3 дугаар сарын 30-ны 6.00 цагаас эхлэн аймгийн хэмжээнд зургаа хоногийн хугацаанд 0 зогсолт хийхээр болов. 

Улаан түвшинд шилжүүлсэн сумдад халдвар авсан иргэний ойрын харьцагчид байгаа юм. Тодруулбал, аймгийн хэмжээнд ойрын харьцагч 140 гаруй, дам харьцагч 250 гаруй иргэн байгаа бөгөөд цаашид энэ тоо нэмэгдэх хандлагатай байгааг ч хэллээ. Тиймээс харьцагчдыг тогтоох тандалтын ажлыг үргэлжлүүлэн хийж байна. 

0 зогсолтын үед архи, согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглов. 

Урьдчилсан байдлаар 3 дугаар сарын 28-нд аймгийн төв рүү орж, гарах хөдөлгөөнийг хаасан гэнэтийн шийдвэртэй холбоотойгоор бусад сумаас тодорхой шалтгааны улмаас ирээд гацсан иргэд олон байсан учир тэднийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулан 3 дугаар сарын 30-ны 6.00 цаг хүртэл Баруун-Урт руу орох болон гарахыг зөвшөөрч, энэхүү ажлыг яг одоо зохион байгуулж байна.  

Холбоотой мэдээ