Сонгуулийн сонин хачин явдлаас

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-15 02:57:58

Баян-Өлгий аймагт УИХ, аймгийн ИТХ-д нэр дэвшигчид сурталчилгаагаа өрсөлдөөнт байдлаар явуулж байна.

Хот хөдөөгүй давхин, нам, нэр дэвшигч, мөрийн хөтөлбөрийнхөө давуутай талыг уулзалт, цуглаан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байна. Сонгуулийн хууль зөрчсөн онцгой зөрчил илрээгүй ч мөнгө, бензин тараасан тухай хов жив, цуу яриа, зарим зөрчил шүүхэд хүргэгдсэн тухай сураг бий.

Орон нутгийн хуралд нэр дэвшигчид УИХ-д нэр дэвшигч МАН-ын Х.Баделхан, А.Тлейхан, Г.Солтан, АН-ын А.Бакей, Х.Ержан, Д.Мурат, МАХН-ын Д.Чинзориг, БНН-ын Н.Самат нарыг даган давхиж яваа нь «алтны дэргэд гууль шарладгийн» үлгэрийг харуулна.

Өөр нэгэн онцлог нь төр захиргааны байгууллагад олон жил ажиллаж зөөлөн суудалд дассан зарим нь өөрийнх нь нэрийг дэвшүүлээгүйд гомдон хувиараа нэр дэвшиж, сурталчилгаа хийж явна. Бас нэг айлаас дөрөв тав хүртэл хүн өөр өөр намаас нэр дэвшсэн хэд хэдэн тохиолдол гарсан, зарим газарт үзэл бодлоор биш отог омгоор хуваагдан сонголтоо хийх магадлал ажиглагдаад байна.

Аймгийн ИТХ-д хүний эмч 14 хүн нэр дэвшин ажиллаж байна. Тэд бүгдээрээ сонгогдвол нийт 39 төлөөлөгчийн гуравны нэгээс илүү хувийг эзлэн, зарим эмнэлэг эмчгүй болох магадлалтай.              

   Ш.Айзаря

Холбоотой мэдээ