Худалдаа эрхлэгчид дархлаажуулалтад хамрагдаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-03-29 13:11:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ХНХ-ын сайд А.Ариунзаяа нар амралтын өдрүүдэд нийслэлийн томоохон худалдааны төв, захуудын байдалтай танилцлаа. 

УОК-ын даргын 3 дугаар сарын 26-ны тушаалаар Засгийн газрын гишүүн, сайд нарыг багтаасан Шуурхай зохицуулалтын ажлын хэсгийг байгуулж, зах, худалдааны төв хариуцсан бүлгийн даргаар ХХААХҮ-ийн сайд томилогдон ажиллаж байна. Тэрээр МХЕГ болон ЦЕГ-ын бүрэлдэхүүний хамт өчигдөр "Хархорин", "Сандэй-2" худалдааны төв болон "Саруул" маркетаар орж худалдаа эрхлэгчид болон иргэд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримталж байгаатай танилцав. 


Өнгөрсөн оны эхний 11 сард худалдааны салбарын борлуулалтын орлогын 37.0 хувь нь бөөний худалдаа, 63.0 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байв.



"Хархорин" худалдааны төв 1200, "Сандэй-2" худалдааны төв 850 орчим түрээслэгч, "Саруул" зах  130 түрээслэгчтэй үйл ажиллагаа явуулж өдөрт дунджаар нийт 3500 орчим иргэнд үйлчилж байна. Нийслэлд хамгийн олон иргэд үйлчилдэг эдгээр худалдааны төвд худалдаа үйлчилгээ эрхлэгчид болон үйлчлүүлж буй иргэд өндөр эрсдэлтэй учир иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэмийг сахих нь  хамгийн чухал байгааг сайд онцоллоо. 

Тэрээр, нөхцөл байдал хүндэрч, өдрөөс өдөрт цар тахлын халдвар нэмэгдсээр байгаа энэ үед  Засгийн газар, УОК хөл хорио тогтоохгүй байхыг хичээж байна. Тиймээс иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, худалдаа үйлчилгээ эрхлэгч нар болон нийт иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, хамтдаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа.


Үүний өмнөх өдөр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Нарантуул" захын байдалтай танилцаж, худалдаачидтай уулзсан юм. Тэрээр задгай талбайн худалдаа эрхлэгч нар хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа тул эндээс 4700 иргэнийг вакцинжуулах хүсэлтийг холбогдох газруудад уламжилж, 3 дугаар сарын 30-ны өдөр бүрэн вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар болоод байна. 


ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн ахалсан ажлын хэсэгт МҮХАҮТ-ын төлөөлөл хамт ажиллаж, өнгөрсөн ням гарагт "Сандэй плаза" болон "Шөнийн зах" худалдааны төвд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулж буй байдалтай танилцлаа.

Тус төвүүдээр өдөртөө 300-1000 иргэн үйлчлүүлдэг бөгөөд худалдааны төвүүд халдвар хамгааллын дэглэмээ зохих журмын дагуу сайтар сахиж байна. Ажлын хэсгийнхэн халдвар тархах эрсдэл “маш бага” гэж үнэлжээ. Дээрх худалдааны төвийн лангуу эзэмшигч, түрээслэгч нар коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын эхний тундаа бүрэн хамрагджээ.



Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ