Булган аймаг “улбар шар” түвшинд шилжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-03-28 23:33:55

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын “улбар шар” түвшинд шилжлээ.

Сэлэнгэ суманд коронавирусний халдварын тохиолдол батлагдсантай холбоотойгоор 2021 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэл аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшинд шилжүүллээ гэж аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, цэцэрлэг, бүх төрлийн сургалтын байгууллагын үйл ажиллагааг 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаанд түр зогсоох, аймаг, сумдаас орох, гарах хүн, авто тээврийн хөдөлгөөнийг 4 дүгээр сарын 11-ний өдрийн 06.00 цаг хүртэлх хугацаанд зогсоохоор шийдвэрлээд байна.

Хүндэтгэн үзэх шалтгаан /эрүүл мэнд, буяны ажил, хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл/-ны улмаас голомттой бүсээс зорчих иргэдийг PCR шинжилгээний хариуг үндэслэн халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлэн орон нутагт нэвтрүүлэх, ажиглалт, тусгаарлалтад долоо хоногийн хугацаанд байлгах, тогтмол хяналт тавих, коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай холбоотой аймгийн Шуурхай штабаас гарсан үнэн зөв, бодит мэдээллийг иргэд олон нийтэд түргэн шуурхай, хүргэх, хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхээс сэргийлж, тасралтгүй хангах арга хэмжээ авч, холбогдох төлөвлөгөөнд тодотгол хийж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна.

Холбоотой мэдээ