­В.Мөнхбат: PCR шинжилгээний хариуг 5-8 цагийн дотор гаргаж байгаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-03-26 14:57:41

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Шуурхай штабын дарга, аймгийн Засаг даргын орлогч В.Мөнхбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

-PCR шинжилгээ хийлгэх шаардлагатай хүмүүсийг эхний ээлжинд оруулж байна. Цаашдаа нэг өрх-нэг шинжилгээ юмуу, нэг иргэнийг нэг шинжилгээнд хамруулах уу гэдэг талаар ярилцаж байгаа.

-Орон нутгаас аймагт ажлаар ирсэн иргэд гацсан байсан. Аймаг өөрөө халдварт өвчний голомт болсон учраас PCR шинжилгээний хариугүй иргэдийг буцаах боломжгүй байгаа. Тийм учраас энд ирээд гацсан иргэдийг шинжилгээнд хамруулна.

- PCR шинжилгээний түр цэгийг Багшийн сургууль дээр нээсэн ба шинжилгээ аваад эхэлсэн байна. Гэхдээ гарна гэсэн хүсэлтэй бүх хүнийг гаргах боломжгүй гэдгийг хатуу анхааруулъя. Эрэмбэлнэ. Сумын Онцгой комисстой холбогдоод зайлшгүй ар гэрт нь гачигдал үүссэн, байнгын хаяг дээрээ очих гэж буй иргэдийг эхний ээлжинд хамруулна. Өнөөдрийн хувьд 100 иргэнийг шинжилгээнд хамруулаад сумд руу явуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Аймгийн Шуурхай штабаас ажлын хэсэг гарч, сум руу явах иргэдээс 5 асуулттай асуумжийг авч, сумын Онцгой комисстой нь холбогдон хамтран ажиллаж байна. Үүнийгээ эрэмблээд өдөрт 50 хүнийг гаргая гэсэн шийдвэртэй байна. Шинжилгээ өгөх хүмүүст дугаар олгоно. Тэр дугаараар шинжилгээнд хамрагдах ба дугааргүй бол тэнд очиж дараалал бүү үүсгээрэй.

-Өнөөдөртөө багтаад эхний 5 тохиолдлын маршрут тодорхой болно. Нийтэд мэдээлж болно. Иргэдийн сэтгэгдэл, сэтгэлзүйтэй холбоотойгоор маршрутыг иргэдэд мэдээлэх нь тийм ч зохимжтой биш байгаа юм. Гэхдээ иргэд маршрутад ухамсартай хандах хэрэгтэй.

-Эхний 5 хүн бол эмнэлэг дотроосоо илэрсэн. Урд шөнийн илэрсэн 12 хүн гаднаас буюу банкны 7 ажилтан, тухайн банктай холбоотой гэр бүлийн 4, энэ хүмүүстэй холбоотой байсан Эрдэнэбулган сумын Хоршоолол багийн 1 иргэн байсан. ХААН банкны ажилтнууд байсан учраас тус банкаар үйлчлүүлсэн иргэд өөрсдийнхөө биед анхаарал хандуулаарай. Шинж тэмдэг илэрвэл харьяа ЭМТ-дөө мэдэгдээрэй.

-PCR шинжилгээг орон нутагтаа авч эхэлсэн нь давуу тал. Энэ лабораторид 4 албан хаагч 48 цагийн хугацаанд ямар ч амралтгүй, аппарат зогсолтгүй ажиллаж байна. Нэг удаа орохдоо 96 хүний шинжилгээг оруулж, 5-8 цагийн дотор шинжилгээний хариуг гаргаж байгаа. Энэ хүчин чадал боломждоо тооцоод үзэхээр нэн тэргүүнд ойрын болон дам хавьтлуудыг шинжилгээнд хамруулж, голомтоо тогтоож авах асуудал хамгийн чухал байна. Харин дараа нь иргэдийг шинжилгээнд хамруулах боломжтой байгаа.

-Тандалт судалгааг хийж байна. Нэг эх үүсвэрээс байх магадлалтай. Эхний 5 тохиолдол бол найзалж, нөхөрлөдөг, гэр орноор нь очдог хүмүүс байгаа юм. Энэ дотор ХААН банкны энэ хүмүүсээс байж таарсан. Эдгээрийн нэг айлд Улаанбаатар хотоос 4 хүн ирсэн мэдээлэл бий.

-Гэрийн тусгаарлатын дэглэм сахиагүй, халдвар хамгааллын дэглэм болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн 6 иргэнд хариуцлага тооцуулж байна.

-Аймгаас Улаанбаатар хотруу зорчих иргэдээс PCR шинжилгээний хариу шаардахгүй. Улаанбаатараас аймаг руу ирэх бол шинжилгээ өгсөн, хариу нь сөрөг, хүчин төгөлдөр хугацаатай байх ёстой. Зөвхөн зөвшөөрөгдсөн хөдөлгөөнийг явуулна. Иргэд хөдөлгөөн хийхдээ тухайн аймаг, сумын Онцгой комиссын бичигтэй зорчино гэдгийг сайн санах хэрэгтэй.

Холбоотой мэдээ