Хэнтий аймгаас гарах, орох хөдөлгөөнийг маргааш хүртэл хязгаарлалаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-03-25 20:41:41
Хэнтий /МОНЦАМЭ/ Аймгийн онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ Бор-Өндөр суманд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан бүх сумын Шуурхай штабтай өнөөдөр цахимаар хуралдав. Онцгой комиссын хурлын шийдвэрийг үндэслэн аймгийн Засаг даргын А/160 дугаар захирамж гарлаа. Үүнд:
1. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, сум хоорондын орох гарах, Улаанбаатар хотоос хүндэтгэн үзэх шалтгаан /албан томилолт, эрүүл мэнд, ар гэрийн гачигдал, хүнс тээвэр/-аас бусад иргэдийн орох хөдөлгөөнийг 2021.03.25-ны өдрийн 16.00 цагаас 2021.03.26-ны өдрийн 16.00 цаг хүртэл хязгаарлалаа.
2. Хэрлэн, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Галшар сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2021.03.25-ны өдрөөс түр хугацаагаар зогсоолоо.
3. Сумдын гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, Шуурхай штабын бэлтгэл бэлэн байдлыг хангуулж ажиллахыг сумдын Засаг дарга нар үүрэг болголоо.
4. Бор-Өндөрт зорчсон иргэдийн судалгааг гарган "Ковид-19" цар тахлын эрсдэлийн үнэлгээг хийж, 2021.03.25-ны өдрийн 18.00 цагаас өмнө ирүүлэхийг сумдын Засаг дарга нарт, мөн байгууллагын албан хаагчдаас тус сум руу зорчсон талаарх судалгааг 2021.03.25-ны 17.00 цагаас өмнө ирүүлэхийг аймгийн ЗДТГ-ын даргад даалгалаа.
5. Орох гарах хөдөлгөөнийг хязгаарласантай холбоотой Чингис хотод бүсчилсэн шалган нэвтрүүлэх хяналтын цэг ажиллуулахыг Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт үүрэг болголоо.
6. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, Шуурхай штабын дарга Ж.Эрдэнэбат нарт үүрэг болгожээ.
Холбоотой мэдээ