Орландогийн халдлагад өртсөн хүмүүст 24 цагийн дотор 2 сая гаруй доллар хандивлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-14 11:43:02

ВАШИНГТОН. /Sputnik/. Ням гарагт Америкийн Орландо хотод гарсан халдлагад өртөж хохирсон хүмүүс болон тэдний ар гэрийнхэнд туслах зорилгоор өрнүүлсэн “GoFundMe” тусламжийн аяны хүрээнд ганцхан өдрийн дотор 2 сая гаруй долларын хандив цуглажээ.

Санхүүжилт босгодог “Equality Florida” байгууллага 11 цагийн дотор 1 сая доллар цуглуулсан байна. Харин нэг хоногийн хугацаанд 54 673 хүнээс 2 340 534 сая доллар цугласан ажээ.

Цугласан мөнгийг ганц зоос ч үлдээхгүйгээр бүгдийг нь хохирогчдод дэмжлэг үзүүлэхэд зарцуулна гэдгээ тус байгууллага амлалаа.

Мөнгөний ихэнхийг хувь хүмүүс хандивласан байна. Хүн бүр 1000 доллароос багагүй мөнгө өгчээ.

Өнгөрсөн ням гарагийн орой Омар Матин гэдэг афганистан гаралтай Америкийн иргэн Флорида муж улсын Орландо  хот дахь ижил хүйстнүүд цуглардаг "Pulse" шөнийн цэнгээний газар руу дайран орж, 49 хүнийг хөнөөн, 53 хүнийг шархдуулсан аймшигт хэрэг гарсан билээ. Цагдаа нар хэргийн газарт буудалцаан болох үеэр Матиныг устгасан юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ