Шилүүстэй сум ногоон бүс боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-03-22 12:15:19

Завхан /МОНЦАМЭ/. Тус аймгийн Шилүүстэй суманд эмчлүүлж байсан коронавирусний халдвартай дөрвөн иргэн эдгэрч, өнөөдөр гэрийн тусгаарлалтад шилжиж байна гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Шилүүстэй суманд коронавирусний халдвартай нь батлагдсан зургаан иргэнээс энэ сарын 15-ны өдөр хоёр иргэн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэн. Харин өнөөдөр үлдсэн дөрвөн иргэн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжээд байна. Аймгийн Засаг даргын 2021 оны А/97-р захирамжаар Шилүүстэй суманд томилогдсон мэргэжлийн баг коронавирусний халдварыг сумын эмнэлэгт халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, орон нутгийн онцлогт тохируулан эмнэлэг дэлгэн эмчилсэн хамгийн анхны тохиолдол боллоо.

Халдварыг эрт оношлон, хавьтлын тандалт судалгааг мэргэжлийн түвшинд зохион байгууллаа. Эрсдэл өндөр ойрын хавьтлуудыг тусгаарлан хяналтад авч, иргэдийг халдварын эрсдэлээс хамгаалж чадсан оновчтой шийдвэр гаргасны хүчинд халдварыг хумьж чадлаа. Зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдлуудыг хумьснаар Шилүүстэй сум "Ногоон бүс" боллоо. Харин Ховд аймаг руу явуулсан ХӨСҮТ-д эмчлүүлж буй Завхан аймгийн харьяат хоёр жолоочийн ойрын хавьтлын 53 иргэн, Шилүүстэй сумын 39 иргэн, нийт 92 иргэний PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна. Гэсэн хэдий ч цаашид иргэд халдвар, хамгааллын дэглэмийг чанд мөрдөх хэрэгтэй” гэв.

Холбоотой мэдээ