Гадаадын иргэд хөрөнгө оруулалтын ангиллын виз авах сонирхол их байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-19 13:02:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас баталсан квотын дагуу гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн аж ахуйн нэгж байгууллагууд тухайн иргэдээ хаана, юу хийж байгааг мэдэхгүй байгаа тул тэдгээрт зөвшөөрөл дахин олгохгүй байх саналыг ГИХГ-аас зохих газарт нь хүргүүлээд байна.


Тус газраас Монгол Улсад оршин сууж байгаа хөдөлмөр эрхлэх визээр орж ирсэн гадаадын иргэдийг хянаж шалгахад зургаан аж ахуйн нэгжтэй холбоотой зөрчил илэрчээ. Тухайлбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрт ажиллана гэсэн гадаадын иргэд Баян-Өлгий аймагт алтны уурхайд, Тэрэлжид барилга дээр ажиллана гэсэн ч очоогүй, Дундговь аймгийн Гурвансайхан суманд уурхайд ажиллах иргэд нийслэлийн ХУД самрын үйлдвэрт ажиллаж байв.


Мөн нэг аж ахуйн нэгж 80 гаруй хүн оруулж ирээд 40 нь хаана байгааг мэдэхгүй, бусдаас нь мөнгө аваад, өөрсдөө учраа ол гээд орхижээ. Мөнх сити хаус компани гэхэд Монгол руу ажилтан гаргах зарыг БНХАУ-ын Эрээн, Хөх хотод вичатад тавьж, иргэдээс 18-25 мянган юань буюу 20-иод сая төгрөг авсан аж. Энэ иргэд визээ солиулах хүсэлт гаргасанд ГИХЯ тухайн компанийн нэрээр үйл ажиллагаа явуулаад, буцахыг шаардаад байгаа. 


Монгол Улсад одоогоор гадаадын хөрөнгө оруулалтын визээр 1289 хүн оршин сууж байна. Гадаадын иргэд хөдөлмөр эрхлэх визээр ирчихээд, ангиллаа өөрчлөн, хөрөнгө оруулалтын виз авах хүсэлт гаргах нь ихэсжээ. Учир нь гадаадын хөрөнгө оруулалтын визтэй бол харьцангуй хөнгөлөлттэй, татвараас чөлөөлөгдөн, удаан хугацаагаар оршин суух бололцоотой аж.


Хөрөнгө оруулалтын визээр амьдарч байгаа иргэд бодит хөрөнгө оруулагч мөн эсэх нь эргэлзээтэйг ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр хэвлэлийн хурлын үеэр онцлов. Энэ иргэд гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар 100 мянган ам доллар буюу түүнээс дээш хөрөнгө оруулсан эсэх, үйл ажиллагаа явуулж, ажиллах иргэддээ цалин олгодог, татвар нийгмийн даатгал төлдөг нь тодорхойгүй аж.


Тэрбээр, “Хөрөнгө оруулагч нь баттай хүмүүсийн визний хугацааг сунгаж, хөрөнгө оруулж, тодорхой үйл ажиллагаа явуулаагүй хүмүүсийн визийг цуцалж байна. Хөрөнгө оруулалтын визний ангилал авахыг хүссэн иргэд таньж мэдэх хүмүүсээр дамжуулж ханддагаас мөнгөтэй холбоотой хууль бус үйлдэл бүртгэгдэж байгаа”-г анхаарууллаа.


Гадаадын 4000 гаруй иргэн боловсролын салбарт багш, зам гүүр, барилга, бүтээн байгуулалтад ажиллахаар 2020 онд манай улсад орж иржээ. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 180 гаруй гадаадын иргэнийг албадан гаргасан бол энэ оны эхний хоёр сард 500 гаруй иргэн нутаг буцжээ.

 

Холбоотой мэдээ