Америк, Хятадын харилцаа муудах үйл явцыг зогсоохыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-19 12:17:57

ВАШИНГТОН. /TASS/. Хятад, Америкийн харилцаа муудсаар буйг зогсоох хэрэгтэй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд бөгөөд Төрийн Зөвлөлийн гишүүн Ван И пүрэв гарагт мэдэгджээ.


“АНУ-ын үндэслэлгүйгээр буруутгаж буйг Хятад хүлцэн тэвчиж байгаагүй бөгөөд цаашид ч тэвчихгүй. Сүүлийн жилүүдэд манай улсын хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж, Хятад, Америкийн харилцаанд урьд өмнө нь байгаагүй хүнд цаг үе ирсэн. Энэ нь хоёр улсын ард түмний ашиг сонирхолд хохирол учруулж, дэлхийн тогтвортой байдал, хөгжилд сөргөөр нөлөөлсөн. Уруудах байдал цаашид үргэлжлэх ёсгүй” хэмээн Гадаад хэргийн сайд Ван И Хятад, Америкийн өндөр дээд түвшний яриа хэлэлцээний нээлтийн үеэр цохон тэмдэглэв.


“Түүнчлэн БНХАУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцдог дээрэнгүй явдлаа зогсоохыг бид АНУ-аас шаардаж байна. Энэ муу зуршилтай тэмцэх цаг нь болсон. Хонконгийн дотоод хэрэгт АНУ хөндлөнгөөс оролцож буй нь Хятадад олны дургүйцлийг төрүүлсэн” хэмээн тэрбээр мөн хэлсэн байна.


Хятадын төлөөлөгчид Америкийн урилгаар Анкориж хотод хүрэлцэн иржээ. "Биднийг ирэхийн өмнөхөн АНУ шинээр хориг арга хэмжээ авсан. Ингэх нь зочдоо угтах шилдэг арга барил биш юм. Яриа хэлэлцээний үеэр Хятадын өмнө давуу байдал олж авахын тулд ийм шийдвэр гаргасан бол тун болчимгүй, хөнгөн хуумгай үйлдэл юм. Ингэснээрээ АНУ эмзэг, сул талаа харуулахаас бус Хятадын шийдэмгий байдалд нөлөөлөхгүй” хэмээн Ван И мөн онцлон тэмдэглэжээ. 


Яриа хэлэлцээнд Америкийн талаас Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал хариуцсан туслах Жейк Салливан, Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар оролцож байгаа аж. Харин Хятадын талаас тус улсын Гадаад хэргийн сайд Ван И, Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүнээс гадна Хятадын Коммунист намын Төв хорооны Гадаад хэрэг хариуцсан комиссын газрын дарга Ян Жечи нар оролцож байна.

Холбоотой мэдээ