Булган гол үерлэж, айлуудыг завиар зөөж нүүлгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-06-13 17:17:29

Ховд аймгийн Булган суманд  Булган  голын усны түвшин ихсэж байгаа нь хүн малд нөлөөлж гүүр, гарамгүй газраар гол гатлах боломжгүй болж айлууд усанд боогдож, хүн малд тусламж хэрэгтэй болж хүндхэн  байна.

Энэ нь Булган голын эхтэй нийлдэг Улаандаваа, Их Жаргал, Нарийн, Төмөр, Адгийн ам, Ендэрт, Улиаст зэрэг голуудын цас  хайлж, бас ойрын  өдрүүдэд орсон борооны улмаас усны түвшин  ихэссэнээс үүдэлтэй гэж нутгийнхан үзэж байна.

Булган сумын ЗДТГазар  тус суманд байрладаг Аврах 38-р  анги дотооддоо  арга хэмжээ авч үерт авсан Байтаг,  Алагтолгой багуудын айлуудыг завиар гаргаж, 30-40 айл нүүлгээд байна.

Усны түвшин ихэссэний улмаас айлуудын  5-10 мал усанд живж үхсэн тохиолдол гараад байна, хүний амь насанд нөлөөлөөгүй  гэж Булган сумын ЗДТГ-ын дарга Ч.Батаа мэдээллээ.

Өнгөрсөн  7 хоногийн турш усны түвшин ихсэж  байсан бол сүүлийн хэдэн өдөр бага зэрэг өөрчлөлт орж тогтож байгаа ажээ. Гэхдээ л гол үерлэсний айлууд усанд автах аюултай байгааг сэрэмжлүүлж дотооддоо зохих арга хэмжээ авч байгаа ч гол усны үерийн түвшин буурахгүй байна.

Голын усны түвшин жил бүр ихэсдэг  боловч өнөө жилийнх шиг ийм даамай  үзэгдэл одоогоос 29 жилийн өмнө буюу 1987 онд Булган гол  маш хүчтэй үерлэж байжээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ