Петербургийн чуулга уулзалтыг уламжлалт хэлбэрээр зохион байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-17 15:58:23

МОСКВА. /TASS/. Энэ оны Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт 6 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд "Экспофорум" хурал-үзэсгэлэнгийн төвд шууд хэлбэрээр /цахим бус/ явагдана.


Энэ тухай зохион байгуулагч Росконгресс сангаас гаргасан мэдээлэлд дурджээ.


“Чуулга уулзалтыг уламжлалт шууд хэлбэрээр орчин үеийн тоон технологийг ашиглан зохион байгуулах бөгөөд гадаадын оролцогчдын зүгээс шууд хэлбэрээр оролцох хүсэлтээ илэрхийлсээр байна. Форумыг зохион байгуулахдаа коронавирусний халдвар тархахаас сэргийлэхэд чиглэсэн аюулгүй байдлын бүхий л арга хэмжээг авах болно” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтыг /ПМЭФ-2021/ Зохион байгуулах хорооны хариуцлагатай нарийн бичгийн дарга Антон Кобяков мэдэгдлээ.  


Оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Санкт-Петербург хотод хүрэлцэн ирж буй зорчигчдыг эрүүл мэндийн байдлыг хянах ажлыг зохион байгуулж, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг Роспотребнадзор байгууллагын дарга Анна Попова тэргүүтэй ажлын хэсэг хариуцна гэдгийг "Росконгресс" сангийн мэдэгдэлд дурджээ.


Энэ удаагийн "ПМЭФ-2021" чуулга уулзалтын үеэр Оросын Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн чуулган, Залуучуудын чуулга уулзалт, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, БРИКС, АСЕАН-ны шугамаар болох арга хэмжээнүүд, креатив бизнесийн чуулга уулзалт, “Эмийн аюулгүй байдал”-ын асуудлаарх хурал, Арктик ба Африктай холбоотой уулзалтууд, түүнчлэн хоёр талын уулзалтууд болох ажээ.   

Холбоотой мэдээ