Орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсан 100 жилийн ойн баяр түр хойшилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2021-03-17 15:30:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой маргааш тохионо.

Эл өдөр Цэргийн баяр хэрхэн явагдах талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэгээс тодруулахад, “Зэвсэгт хүчний Жанжин штабаас түүхт ойг тохиолдуулан цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан олон бүтээлч ажил, үйл ажиллагааг тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу амжилттай зохион байгуулж явуулсан. Харин Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабаас зохион байгуулахаар төлөвлөж байсан орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын хурал, нэгдсэн тооллого, цэцэг өргөх ёслолын ажиллагаа, 2020 онд үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардуулах ёслолыг 3 дугаар сарын 28-наас хойших хугацаанд зохион байгуулахаар төлөвлөөд байна.


Цэргийн баярын үйл ажиллагааны хугацааг тухайн үед дахин зарлаж, олон нийтэд хүргэх болно. Хэдийгээр дээрх ажлууд хойшлоод байгаа ч 3 дугаар сарын 18-ны өдөр буюу “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулах, буулгах, ёслолын буудлага хийнэ” гэдгийг мэдээлэв.


Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цар тахлын халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотод гамшгийн үеийн гуравдугаар түвшинд 14 хоногийн хугацаатай шилжүүлээд байгаа билээ.

Холбоотой мэдээ