Орос болон Английн багийн эсрэг хориг арга хэмжээ авахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-13 14:30:25

ПАРИС. /TASS/. Францын Дотоод хэргийн сайд Бернард Казнев Марсельд хөгжөөн дэмжигчдийн хооронд болсон мөргөлдөөний дараа ОХУ болон Английн үндэсний хөлбөмбөгийн шигшээ багийн эсрэг хориг тавихыг уриалсан тухай тус улсын Дотоод хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.

“Хуурамч хөгжөөн дэмжигчдийнх нь үйлдсэн гэмт үйлдлүүдийнх төлөө тухайн багуудад хориг тавих гэсэн УЕФА-гийн шийдвэрийг би дэмжиж байна. Спортын холбоод болон  спортын асуудал эрхэлсэн байгууллагуудын зүгээс тэдэнд ямар ч өршөөл уучлал үзүүлэх ёсгүй” гэж Казнев мэдэгдсэн байна.

Тэрбээр мөн хэлэхдээ “хөгжөөн дэмжигчид нь өдөөн хатгасан ийм асуудал үүсгэж буй тэдгээр улс орнуудын Үндэсний хөлбөмбөгийн холбоодын эсрэг хориг арга хэмжээ авах хэрэгтэй. Бямба гарагт Марсельд болсон хэрэг явдал бол нийгэм, улс орнуудын удирдлагууд болон хөлбөмбөгт хайртай хүн бүрийн хувьд хэзээ ч хүлээн зөвшөөрч болшгүй зүйл байсан" гэлээ.

Цагдаа нарын талаарх шүүмжлэлүүдийг Казнев няцаагаад “Дотоод хэргийн яам тоглолт бүрийн аюулгүй байдлыг хангахын тулд бүхий л шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байна” гэж мэдэгджээ.

Англи болон Оросын шигшээ багууд хэсгийн эхний тоглолтоо Марселийн “Stade Velodrome” цэнгэлдэх хүрээлэнд хийж, 1:1 харьцаагаар тэнцсэн билээ. Тоглолтын дундуур Оросын хөгжөөн дэмжигчид гэрэл цацруулагч шидэж байсан бөгөөд тоглолт дуусангуут тэд Английн хөгжөөн дэмжигчдийн сууж байсан сектор руу дайрсан байна.

Оросын хөгжөөн дэмжигчид цэнгэлдэх хүрээлэн дотор үймээн самуун дэгдээж, гэрэл цацруулагч шидэж, арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж бусдыг доромжилсон учраас УЕФА-гийн зүгээс Оросын Хөлбөмбөгийн холбооны эсрэг сахилгын арга хэмжээ авахаа мэдэгджээ.

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ