Сүга Ёшихидэ, Ж.Байден нарын уулзалт ирэх сарын 9-нд болж магадгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-14 12:27:57

ТОКИО. /Yomiuri/. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар Вашингтонд 4 дүгээр сарын 9-нд анх удаа уулзаж магадгүй байна.


“Yomiuri” сонины мэдээлснээр, энэ талаарх асуудлыг хоёр улсын засгийн газрууд боловсруулж байгаа аж. Сүга дөрөвдүгээр сарын 8-нд Японоос явж, 10-нд эх орондоо эргэн ирэхээр төлөвлөж байна. АНУ-д хийхээр төлөвлөж буй арга хэмжээнд оролцогчдын тоог коронавирусний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хязгаарлах аж.


Японы Засгийн газрын тэргүүн Сүга Ёшихидэ АНУ-д айлчлал хийхээсээ өмнө коронавирусний вакцин хийлгэнэ. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчтэй түүний албан ёсны өргөөнд уулзсан гадаадын анхны удирдагч болох юм.


2009 оны хоёрдугаар сард тухайн үед Японы Ерөнхий сайдын албыг хашиж байсан Таро Асо мөн АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обаматай Цагаан ордонд уулзсан гадаадын анхны удирдагч болж байв. Харин Японы Засгийн газрын тэргүүн асан Абэ Шинзо АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамптай тангараг өргөхөөс нь өмнө Нью-Йоркт уулзсан анхны гадаад удирдагч болж байжээ.

Холбоотой мэдээ