С.Амарсайхан: “Нэг хаалга-нэг шинжилгээ” аян үр дүнтэй болсон
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нэг хаалга-нэг шинжилгээ” аян үр дүнтэй болсон гэдгийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан мэдэгдлээ.
Тэрбээр УОК-ын хуралдааны шийдвэрийг өнөөдөр танилцуулахдаа, "Эрдэмтдийн гаргасан тооцооллоор, “Нэг хаалга-нэг шинжилгээ”-г зохион байгуулаагүй бол халдварын тохиолдол өнөөдөр 6500-7000 болох эрсдэлтэй байсан. Иймээс эрсдэлийг хоёр дахин бууруулж, тодорхойгүй голомтуудыг илрүүлж чадсанаараа өнөөдрийн хувьд тэдгээрийг дагасан шинжилгээ, оношилгоо, эмчилгээ үргэлжилж байгаа" гэдгийг тодотголоо.
Мөн “Өнөөдөр илэрч
байгаа халдварын тохиолдлын дийлэнх нь өмнө тодорхойлсон голомт, түүнээс
үүдэлтэй хавьтал, гинжин урвал байгаа. Эдийн засгаа сэргээх, аж ахуйн нэгжүүдээ
дэмжих үйл ажиллагаа хэвийн үргэлжилж эхэлсэн. “Нэг хаалга нэг шинжилгээ”-г
цөөн хоногт үр дүнтэй хийсэн. Цаашид хязгаарлалтыг хэсэгчилсэн байдлаар хийж,
халдварыг хумих ажил тасралтгүй үргэлжилж байна” гэлээ.
Эрүүл мэндийн
сайд С.Энхболд энэ үеэр, “Нэг хаалга-нэг шинжилгээ” хийснээр далд байсан 33
голомт, коронавируст халдварын 200 гаруй тохиолдлыг илрүүлж, шинжилгээгээ дуусгангуут иргэдээ вакцинжуулж эхэлсэн. Одоогоор 90 гаруй мянган хүнийг дархлаажуулаад байна. Иргэд эхний тунг хийлгээд
ямар нэгэн халдвар авахгүй, эрсдэл багатай гэж бодож болохгүй. Дэглэмээ барихгүй
бол халдвар авах эрсдэлтэй. Хоёр дахь
тунгаа хийлгэснээс 7-14 хоногийн дараа дархлаа 70-95 хувь тогтож эхэлнэ” гэсэн юм.