Монгол Улс “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжийн вакциныг хүлээн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-03-12 21:56:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын вакцин хангамжийн "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд манай улс Британийн “Astrazeneca” компани болон Оксфордын их сургуулийн хамтран хөгжүүлсэн Ковишийлд (Covishield) вакцинаас 14.400 тунг өнөөдөр хүлээн авав.

 

Тус хөтөлбөрийн хүрээнд, вакцин түгээх эхний шатны хуваарийн дагуу манай улс Ковишийлд вакцинаас 112.800 тун, АНУ-ын “Pfizer” компани болон ХБНГУ-ын “BioNTech” компанийн хамтран хөгжүүлсэн Комирнати (Comirnaty) вакцинаас 25.740 тунг тус тус хүлээж авна.



Энэ үеэр ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Др Сергей Диордица хэлэхдээ, “Ковид-19-ийн эсрэг вакциныг халдвараас урьдчилан сэргийлэх гар угаах, амны хаалт зүүх, бусдаас зай барих зэрэг дэглэмтэй хослуулан хэрэглэвэл цар тахлыг ялах маш чухал зэвсэг болж чадна. ДЭМБ, CEPI, GAVI, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг байгууллагуудын хамтран хэрэгжүүлж буй "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд ирж байгаа "Астразенека" вакцин нь хүн амыг дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхэд дэмжлэг болох нь дамжиггүй. Монгол Улс 3 дугаар сарын 11-ний байдлаар 67 мянга гаруй хүнийг, тэр дундаа халдвар авах эрсдэл өндөртэй эрүүл мэндийн ажилтнуудыг вакцинд хамруулаад байгаа нь сайшаалтай. ДЭМБ вакциныг түгээх бэлтгэл ажлыг дэмжин ажиллаж байгаа бөгөөд цар тахлыг даван туулахад Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ, бусад түншлэгч байгууллагуудтай нягт хамтран ажилласаар байх болно” гэв.  


Манай улс энэ оны 7 дугаар сард багтаан нийт хүн амынхаа 60 хувь буюу насанд хүрсэн 2 сая гаруй иргэнийг дархлаажуулалтад бүрэн хамруулах зорилгыг Монгол Улсын Засгийн газраас тавьж байна. Уг зорилгодоо хүрэхэд “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд оруулж ирэх вакцинууд бодит дэмжлэг болох юм.   

 

Вакцин хүлээн авах ёслолд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенс нарын албаны хүмүүс байлцав.    


Вакцин хангамжийн “Ковакс хөтөлбөрийн тухай товч мэдээлэл

Вакцин дархлаажуулалтын глобал альянс /GAVI/, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад олон улсын байгууллага хамтран байгуулсан “Ковакс” хөтөлбөрийн хүрээнд бага орлоготой орнуудын нийт хүн амын 20 хүртэлх хувийг вакцинжуулалтад хамруулах тооны вакциныг үнэ төлбөргүй олгоно.
 
Вакцин худалдан авалтыг тус хөтөлбөрийн хүрээнд хийхийн ач холбогдол нь худалдан авах вакцин нь ДЭМБ-ын чанар, аюулгүй байдлын гэрчилгээтэй байхаас гадна үнэ өртөг нь хөтөлбөрийн хөнгөлөлттэй үнээр байх тул олон улсын зах зээлийн хөөрөгдсөн үнээс зайлсхийх боломжтой юм. “
Ковакс” хөтөлбөрийн хүрээнд гагцхүү бүхий л шаардлагатай хяналтаар орж, олон нийтийн хэрэглээнд гаргахыг зөвшөөрсөн вакциныг худалдан авч түгээнэ.


2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр шинэчлэн гаргасан вакцин түгээлтийн эхний шатны хуваарийн дагуу 2021 оны 2-5 дугаар сарыг дуустал тус хөтөлбөрт оролцогч нийт 142 улсад 237 сая тун вакцин түгээнэ. Түгээлтийг эхлүүлснээс хойш эхний 12 хоногт Африк, Ойрх Дорнод, Ази, Номхон далайн болон Латин Америкийн нийт 28 улсад 15.7 сая орчим тун вакцин хүргүүлсэн бөгөөд энэ сарын 8-14 хүртэлх дараагийн 7 хоногт 14.4 сая тун вакциныг 31 оронд хүргүүлэх аж.

Гэрэл зургийг Б.Чадраабал





Холбоотой мэдээ