ААН-үүдийг санхүүжүүлэх Түншлэлийн хөтөлбөр хэрэгжиж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Экспортыг дэмжих төслөөс экспортын чиглэлтэй ААН, кластеруудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрт материал хүлээж авч эхэлжээ.
Тодруулбал, энэ нь уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх зорилготой Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл юм. Уг төсөл ХХААХҮЯ-ны дэргэд 2020-2023 оныг дуустал хэрэгжиж байна. Уул уурхайн салбараас хэт хамааралтай Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах Засгийн газрын бодлогын хүрээнд хэрэгжих уг төслийн нэг хэсэг нь ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх Түншлэлийн хөтөлбөр юм.
Түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд экспортын чиглэлтэй, тодорхой шалгуурыг хангасан ААН-үүдэд 50 мянган ам.доллар, кластерт 100 мянган ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх аж.
Уг хөтөлбөрөөс дэмжлэг хүртэгч нь төслөөс санхүүжүүлэх дүнтэй дүйцэхүйц зардлыг өөрийн эх үүсвэрээс мөн санхүүжүүлэх юм. Хөтөлбөрт экспортын чиглэл бүхий ХАА-д суурилсан боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, мэдээллийн технологи гэсэн салбарыг онцгойлон дэмжих юм. Зардлын хувьд шууд хөрөнгө оруулалт, экспортын чиглэлийн бус өдөр тутмын зардлыг дэмжихгүй. Санхүүжилтийн хүрээнд дэмжигдэх зардалд дараах зардлууд багтах аж. Үүнд:
- Экспортын маркетинг, ложистик, цахим худалдаа (Вэбсайт, брэндинг, сав баглаа боодлын болон бүтээгдэхүүн хөгжүүлэлт, гадаад сурталчилгаа, экспо-д оролцох зардал, гадаад зах зээлийн хэрэглэгчийн судалгаа, зөвлөх үйлчилгээ, цахим худалдааны сайт хөгжүүлэх гм),
- Үйлдвэрлэл, технологийн удирдлага (Бүтээмж нэмэгдүүлэх зорилготой ERP систем нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээ),
- Чанарын удирдлага, сертификатжуулалт (Чанарын сертификатжуулалт, судалгаа хөгжүүлэлт, лабораторын шинжилгээ, тест зэрэг орох юм).