Манай бөхчүүд зургадугаар байр эзлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-06-13 10:29:41

АНУ-ын Лос-Анжелосын Инглвуд хотноо 2016 оны чөлөөт бөхийн эрэгтэй шилдэг 8 багийн Дэлхийн цомын төлөө ХХVIII тэмцээн амжилттай болж Монголын баг тамирчид зургадугаарт байрт шалгарлаа.

Инглвуд хотын “Great Western Forum” спортын ордонд болсон "Дэлхийн цом"-д Монголын баг эхний учраа болох Туркийн багийг 6:2-оор ялсан юм. “А” хэсэгт орсон манай баг тамирчид хоёрдугаар тойргийн барилдаанд ОХУ-ын багт 2:6 оноогоор ялагдлаа. Харин хэсгийн гурав дахь барилдаанд Монголыг шигшээ баг Гүржийн багтай 4:4 оноогоор тэнцсэн ч нэмэлт үзүүлэлтээр ялагдаж хэсгээсээ гуравдугаар байраар шалгарсан юм.

Оросын баг Туркийн багийг 6:2 оноогоор ялж “А” хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарч “Б” хэсгээс АНУ-ын багийг 4:4 оноогоор хожиж шалгарсан Ираны багтай нэгдүгээр байрын төлөө, гуравдугаар байрын төлөө АНУ, Гүржийн багууд барилдав. Долдугаар байрын төлөөх барилдаанд Энэтхэгийн баг Туркийн багийг 4:3 харьцаагаар хожжээ. Тавдугаар байрын төлөө манай баг Азербайжаны багтай хүч үзэж 3:5 оноогоор ялагдаж хоёр жил дараалан зургадугаар байр эзэллээ.

  

Бүтэн багаараа “Рио- 2016” зуны олимпийн наадамд оролцох манай эрэгтэй багийн хувьд энэ тэмцээн нь том сорилго болов. Манай бөхчүүдээс гавьяат тамирчин П.Өнөрбат 4 хожил, гавьяат тамирчин Г.Мандахнаран 3 хожил авч багийн амжилтанд их хувь нэмэр оруулжээ. Гавьяат тамирчин Э.Бэхбаярын хувьд олимпийн эрх авсан Гүржийн бөх Владимир Хинчегашвили, Туркийн бөх Сулейман Атли нартай гар зөрүүлж ялагдсан бөгөөд цаашид дүгнэлт хийж олимпийн дэвжээнд хариуцлагатай барилдах үүрэг хүлээлээ.

Энэ удаа Монголын эрэгтэй шигшээ баг 4 халз барилдаан хийснээс 1 хожил авч 3 хожигдол авчээ. Тэмцээнд дасгалжуулагчаар эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, дасгалжуулагч Л.Энхбаяр, эмчээр БТСХТ-ийн Спортын анагаах ухааны албаны дарга, Гавьяат эмч Ч.Насанбат нар оролцлоо. Ирэх оны Дэлхийн цомын төлөөх тэмцээн Иран улсын Тегеран хотноо болно.

Д.Өлзий

Холбоотой мэдээ