Аймгийн онцгой комисс нутаг дэвсгэрийнхээ хүрээнд хөдөлгөөн хязгаарлах эрхтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-11 15:11:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын тохиолдол нийслэлд эрс нэмэгдэж буйтай холбогдуулан Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Онцгой комиссоос Улаанбаатараас тус аймгууд руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад байна.


Эдгээр аймгийн Засаг дарга, Онцгой комисс коронавируст халдварын цар тахлын үед Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу аймгийнхаа нутаг дэвсгэрийн хэмжээнд хөдөлгөөний хязгаарлалт тогтоох шийдвэр гаргах боломжтойг УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв


Учир нь, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны зохион байгуулалт, удирдлагын тухай Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22.1-д гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нутаг дэвсгэр, үйлдвэрлэлийн зарчмаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд өмчийн хэлбэр үл харгалзан зохион байгуулна гэж заасан бий.


Түүнчлэн Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу бүх шатны Засаг дарга нь нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах, хэрэгжүүлэх /ГХТХ-ийн 32.1.1/ эрхтэй аж.

 

Холбоотой мэдээ