Вакцинжуулалтад нийт 48265 хүнийг хамруулаад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2021-03-11 11:18:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн сарын 23-нд эхлүүлсэн вакцинжуулалтад өнөөдрийн байдлаар нийт 48265 хүнийг хамруулаад байна. Дээрх тооны хүмүүст халдварын эсрэг вакцины нэгдүгээр шатны тунг хийгээд байгааг ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн өнөөдөр мэдээллээ. 

Вакцинжуулалтыг энэ 7 хоногоос эрчимжүүлж, энэ хүрээнд сүүлийн 24 цагт нийслэлийн 6 дүүргийн Онцгой комисс, Эрүүл мэндийн төвүүд хамтран ЕБС болон их, дээд сургуулиудын биеийн тамирын зааланд 14 цэгийн нэмж байгуулан бэлэн байдлыг хангажээ. Өчигдөр дархлаажуулалтын 46 цэгт 17819 хүнд вакцин тарьжээ. Дээрх цэгүүдэд 86 багийн эрүүл мэндийн 555 ажилтан ажиллаж буйг тэрээр мэдээллээ. 


ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын газрын дарга Л.Энхсайхан вакцинжуулалтын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэхдээ, "Өчигдрөөс эхлэн хувийн хэвшлийн эмнэлгийн ажилтнууд, худалдааны байгууллагынхныг, өнөөдрөөс багш нарыг вакцинжуулж байна. Дараагийн ээлжинд ахмадуудыг хамруулахаар бэлтгэж байгаа"-г хэлээд эхний ээлжинд заавал 90 насныхан гэхгүйгээр 50-60 насныхныг хамруулна гэв. Өнөөдрийн байдлаар 93 багийн 672 эмч, сувилагч дархлаажуулалтыг хийж байна.       


Холбоотой мэдээ