“Буянтай ээж” ёслолын ажиллагаа 21 дэх жилдээ болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-03-10 21:34:19

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Говь-Алтай аймгийн ЗДТГ, Иргэний нийгмийн байгууллагын нэгдсэн зөвлөл, Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд, ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид хамтран гуравдугаар сарын 8-нд “Буянтай ээж” ёслолын үйл ажиллагааг 21 дэх жилдээ зохион байгууллаа. 


Ёслолд аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Л.Отгончимэг албаны бусад төлөөлөгчдийн хамтаар оролцож алдрай үрс, алдар гавьяаны одонгоороо энгэрээ чимсэн хүндэт эхчүүдэд мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэсэн юм. Мөн үеэр хөдөлмөр зүтгэлээрээ  нутгаа хөгжүүлж, үр  хүүхдээ  өв тэгш хүмүүжүүлж, Алтай нутгийн зон олондоо хүндлэгдсэн 70-аас дээш насны 8 хүүхэд төрүүлж өсгөсөн С.Сүрэн, П.Баасанжав, Ц.Мөнх, Б.Цэрэндэжид, З.Халтархүү, О.Нина, Д.Гарьд, С.Гүнжалам, Б.Отголжий, Н.Данай нарыг буянтай ээжээр өргөмжлөн алдаршуулав. 

Холбоотой мэдээ