“Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл амжилттай хэрэгжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-05 15:04:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Германы хамтын ажиллагааны “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн Удирдах хорооны  ээлжит хурал цахимаар боллоо.


Хурлаар төслийн гуравдугаар үе шатны хэрэгжилтийн үр дүнг хэлэлцэн энэ онд хийх ажлын төлөвлөгөөний төслийг батлав. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд хуримтлуулсан мэдлэг туршлагыг илүү олон тариаланчид хүргэх, зорилтот бүлгүүдийн хэрэгцээ шаардлагад тулгуурласан ажлаа үргэлжлүүлэхээр тогтлоо.


Төслийн зорилго нь Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засаг, нийгэм, экологийн тогтвортой хөгжлийг дэмжих юм.  Энэ хүрээнд төрийн бодлогын хэрэгжилтийг хангахад газар тариалангийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, таримал ургамлын сорт, үр үржүүлгийн систем бий болгох, тариалангийн хөрсний үржил шимийг сайжруулах, газар тариалангийн зохистой дадал, ургамал хамгааллын зохистой хэрэглээг төлөвшүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлийг үр ашигтай эрхлэх зэргээр судалгаа, мэргэжлийн зөвлөгөө, сургалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулж иржээ.


Монгол Улс, ХБНГУ-ын хамтын ажиллагаа олон салбарт амжилттай хэрэгжиж байгаагийн нэг нь хүнс, хөдөө аж ахуйн салбар билээ. Арваад жилийн өмнө Холбооны ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Мюллерын Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хамтарсан төсөл хэрэгжүүлэх тухай яриа хэлэлцээ хийсэн. Анх 2013 онд хамтран эхлүүлсэн “Тогтвортой хөдөө аж ахуй” төсөл өнөөдөр гурав дахь үе шатандаа амжилттай хэрэгжиж байна.

 

Холбоотой мэдээ