Сяньбигийн эхэн үед хамаарах олдворууд Орхон аймгийн Музейд хадгалагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-03-04 13:41:26
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Хүннүгийн хожуу үе Сяньбигийн эхэн үе буюу 2000 жилийн өмнөх үед хамаарах язгууртны оршуулгын эд зүйлс аймгийн Музейд хадгалагдаж байна. Тус олдворуудыг Жаргалант сумын “Айрагийн гозгор” хэмээх газраас 2016-2019 оны хооронд Монголын Үндэсний музей, аймгийн Музейн судлаачид малтаж гаргасан бөгөөд нийт 100 гаруй булш байгаагаас цөөн тооны булшид малтлага хийжээ. Малтлагаас гарсан зарим зүйлсийг аймгийн Музейд байршуулаад байна.


Нумын гичир

Зэр зэвсгийн холбогдолтой эд өлгийн зүйл. Нум хэлбэртэй, үзүүр хэсэг нь сэтэрхий, төгсгөл хэсэгтээ тээглүүртэй. Дотогшоо харсан талдаа ясны хэм нь гарсан.


Үсний шор

Гоёл чимэглэлийн эд өлгийн зүйл.  Урт нарийн үсэнд зүйх зориулалттай. Иш хэсэгтээ ухсан хонхортой. Ишиндээ хоёр см орчим цууралттай.


Ваар

Бор хүрэн өнгийн бутан хэлбэрийн шавар ваар. Дэрвэгэр амсартай цүлхэгэр бөөртэй. Мөрөн дээр нэг см зайтай хос шулуун зураас тойруулан татсан. Дотроо үр тарианы үлдэгдэлтэй. Бүдүүн ширхэгтэй шавраар хийсэн.


Ваар/ хар/

Нарийн ширхэгтэй шавраар хийсэн хар өнгийн бутан хэлбэрийн ваар. Дээрээс нь доош самнаа хээтэй. Мөрөн дээр хос шулуун зураас тойруулан татаж дундуур нь хурц өнцөгтэй долгио хээ зурсан. Ваарны амсрын ихэнх хэсэг нь эмтэрч хагарсан. Ёроолд нь эргэх хүрдний оромтой. Уг ваар ямар нэг шингэн зүйл хийж байсны үлдэгдэл болох хатсан зүйлтэй байна.


Модон морь

Шүтлэг, зан үйл, тахилгын эд өлгийн зүйл. Биеийн бүх хэсгийг модоор хийсэн эмээлтэй модон морь. Их бие, толгойг углуургадаж хийсэн. Хоорондоо углуургаар нийлж салдаг. 4 хөлний 2 гуя нь муу хадгалагдсан. Морины эмээл нь эх биеэс салангад хийгдсэн ба эмээлийн голоор хөндлөн будгаар зураас татсан.


Үхэр тэрэг

Модоор хийсэн. Үхрийн дөрвөн хөл нь байхгүй. Их бие толгой хэсэг нь үлдсэн. Чингэлэгтэй тэрэгний бүхээг хэсэг болон дугуйны бул, хигээс олдсон.


 Сумны зэв

Зэр зэвсгийн холбогдолтой эд өлгийн зүйл. Төмрөөр хийсэн гурван жигүүрт сумны зэв. сумны мөс хэсгийн үлдэгдэлтэй.


Шавар пийшин

Шүтлэг, зан үйл, тахилгын эд өлгийн зүйл: Хагарч эвдэрсэн шаварны хэсгийг нийлүүлээд шавар зуух болгосон. Дээрээ  хоёр ширхэг жижиг аягатай, урдаа  нэг ширхэг том аягатай.


 Модон хайрцаг

Модыг углуургадаж хийсэн ба тагийг хоёр ширхэг төмөр нугасаар холбож тогтоосон.  Төмөр цүү даруулгатай



Холбоотой мэдээ