Блинкен Венесуэлийн сөрөг хүчний удирдагчтай утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-03-03 11:52:50

ВАШИНГТОН. /RT/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуйодотой утсаар ярилаа гэж Төрийн департаментын хэвлэлийн алба мэдээлжээ. 


“Венесуэлд чөлөөт, шударга сонгууль явуулах замаар ардчиллыг буцаан авчрах нь чухал болохыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга цохон тэмдэглэв” гэж Төрийн департаментын мэдээлэлд дурджээ. Түүнчлэн "засгийн эрхийг тайван, ардчилсан замаар шилжүүлэх" -ийн тулд АНУ холбоотнуудынхаа хамт олон талын шахалт үзүүлнэ гэж Блинкен онцлон тэмдэглэсэн байна. 


Европын Холбоо Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуйодог үргэлжлүүлэн дэмжихээр төлөвлөж байгааг тус холбооны гадаад бодлогын байгууллагын албан ёсны төлөөлөгч Петер Стано нэгдүгээр сард мэдэгджээ. ЕХ мөн Венесуэлийн парламентын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн юм.


Өнгөрсөн оны 12 дугаар сард болсон Венесуэлийн парламент буюу Үндэсний ассамблейн сонгуульд тус улсын Ерөнхийлөгчийн талыг баримтлагч Нэгдсэн социалист нам болон холбоотон намууд парламентын суудлын 91 хувийг авчээ.




Холбоотой мэдээ