Гэртээ шинжилгээ авах боломж удахгүй бүрдэнэ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ariunbold@montsame.mn
2021-03-02 15:31:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол эрдэмтдийн бүтээж буй, шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур удахгүй практикт нэвтэрч, туршилтад орж магадгүй байна. 


Энэ тухай ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр хэлэхдээ, "Гэртээ хүн өөрөө шинжилгээ хийдэг оношлуур дэлхий дахинд бүтээж буй тухай өнгөрсөн оны 9, 10 дугаар сард мэдээлж байсан. Харин Монгол Улсад уг оношлуурыг бүтээх төслийг өнгөрсөн оны 12 дугаар сард эхлүүлсэн. Удахгүй практикт нэвтэрч, туршилтад орох үйл ажиллагаа болох байх гэж бодож байна" гэсэн юм.


АШУҮИС-ийн 10 гаруй эрдэмтэн SARS-Cov-2-ыг шүлсэнд илрүүлэх шинэ ПГУ оношлуур бүтээх, хэрэглээнд нэвтрүүлэх төслийг эхлүүлээд байгаа. Уг төслийг Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Нямбаяр ахалж, зөвлөхөөр Анагаах ухааны доктор, профессор, академич Г.Болдбаатар ажиллаж байна.


Шүлснээс вирус илрүүлэх оношлуур бүтээх энэхүү ажил үр дүн сайтай байгаа бөгөөд уг төслийн багийнхантай Эрүүл мэндийн сайд С.Энхболд уулзахдаа, бүх талаар дэмжиж, шаардлагатай туслалцааг үзүүлнэ гэдгээ илэрхийлж байв.  


Уг төсөл амжилттай хэрэгжсэн нөхцөлд "COVID-19"-ийн шинжилгээ авч буй арга хэлбэрийг хялбаршуулж, иргэн өөрийгөө гэртээ шинжлэх боломж нээгдэх юм.

                                                                                                                                                                                            Б.Мандуул

Холбоотой мэдээ