НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын нэгдсэн уулзалт боллоо

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-03-01 13:46:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-ын хамтын ажиллагааны нэгдсэн уулзалт боллоо.


Уулзалтын эхэнд сайд З.Мэндсайхан НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Ахужа Винод, БНЭУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх нартай уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлж, ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ нь хөдөө аж ахуйн чиглэлээр яамны бодлогын гол түнш байгууллагаар ажилладаг”-ийг онцлов


НҮБ-ын ХХААБ нь 2017-2021 онд хүнсний аюулгүй байдал, сүү, сүүн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ болон үр сорт, ургамал хамгаалал, хөдөө аж ахуйг цахимжуулах чиглэлээр томоохон ажлыг гүйцэтгэж, бодлогын түвшинд 25 төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байна.


Цаашид тус байгууллагаас манай улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллаж байгаа олон улсын байгууллага, хандивлагч орнуудын төлөөллөөс бүрдэх Хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн түншлэлийн групп (FOOD AND AGRICULTURE DEVELOPMENT PARTNER GROUP (FADPG)) байгуулах санаачилгыг яамнаас дэмжиж, уг түншлэлийн группийг хамтдаа манлайлахаа илэрхийлсэн юм.


Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, ус, бэлчээр зэрэг байгаль орчны чиглэлийн төслийн хэрэгжилтэд салбарын оролцоог хангаж, хамтран ажилласнаар салбар хоорондын уялдаа нэмэгдэж, олон төслийн үр ашиг сайжрах юм. Уулзалтын үеэр НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлэх техник туслалцааны СКАЛА төслийн баримт бичигт талууд гарын үсэг зурж, хамтран ажиллахаар болов.

 

Холбоотой мэдээ