Энэ онд хэрэгжүүлэх төслөө эрэмбэлэхээр зөвлөлдөв

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-02-28 17:32:31

Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд хийж хэрэгжүүлэх төслүүдээ танилцуулж эрэмбэлэх, нийтийн санал бодлыг тусгах зорилго бүхий “Хөгжлийн зөвлөгөөн” энэ сарын 27-нд Баянхонгор хотноо боллоо.

Баянхонгор аймгийн удирдлагууд, сумдын Засаг дарга, сумдын иргэдийн төлөөлөл зэрэг 400 гаруй хүн оролцсон тус зөвлөгөөн коронавирусний халдвараас хамгаалах дүрэм журмыг баримталж, өндөр дэгтэйгээр зохион байгуулав. Мөн зөвлөгөөнд УИХ-ын дарга Г.Занданшатар цахимаар оролцож, мэндчилгээ дэвшүүлэн санал бодлоо солилцсон бол орон нутагт уул уурхай эрхлэгчдийн төлөөлөл, олон улсын төсөл хөтөлбөрийн байгууллагынхан биечлэн болон цахимаар оролцсон юм.

Улс орон даяар "Ковид-19" цар тахалтай тэмцэж, иргэд эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулж, малчид зудын эрсдэлийг хохирол багатай даван туулахаар зүтгэж байгаа энэ цаг үед аймаг орон нутгийнхаа 2021 онд хийх ажил, хөгжүүлэх бодлогыг хэлэлцэхээр тал бүрээс цуглаж чадсан нь зөвлөгөөний онцлог боллоо.

Аймгийн удирдлагуудын танилцуулснаар энэ онд уул уурхайгаас 9.7 тэрбум төгрөг босгох боломжтой байгаа аж. Тухайн хөрөнгөөр Шинэ суурьшлын бүсэд орчин үеийн хороолол байгуулах, малын тэжээл тариалах, ингэний сүүний үйлдвэрлэл, Шаргалжуутад орчин үеийн шийдэл бүхий амралтын газар байгуулах зэрэг томоохон долоон төслийг хэрэгжүүлэхээр төсөл боловсруулсныг зөвлөгөөний үеэр хэлэлцүүллээм.

 

                                             Бүх зүйл ил тод, шударга байх ёстой

Өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарынхан аль нэг албан тушаалтны нөмөр нөөлөг, тухайн сумдын иргэдийн ашиг сонирхлыг хангавал үйл ажиллагаагаа хэвийн явуулна гэдэг ойлголттой болсон. Тэгвэл уул уурхайгаас олох орлогыг ил болгож, аймгийн хөгжилд дорвитой дэмжлэг үзүүлсэн нөхцөлд хамтарч ажиллах цаг нь болсныг Баянхонгор аймгийн удирдлагууд хэлж байна.

Уул уурхайгаас олох орлого нь, үүрэг хариуцлага нь тодорхой байвал, тухайн орлогоор аймаг орноо, иргэдийнхээ амь амьжиргааг дээшлүүлж чадаж байвал ард иргэд нийтээрээ дэмжинэ. Аймгаараа хөдлөх хэрэгтэй. Аймгаараа хэлэлцэх ёстой”-г Засаг дарга онцолсон. Мөн тэрээр, “Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, цахим орчинд гоочлуулахаас бэргэж, албан тушаалд хоргодож, цөөн хэдэн хүний ашиг сонирхлыг хангахын тулд эсвэл хэдэн хүнд таалагдах гэж ажиллахгүй. Бидэнд нийт ард иргэдээсээ нуух, нууцаар үгсэн хуйвалдах шаардлага байхгүй. Уул уурхай, хөрөнгө мөнгөтэй холбоотой зүйлийг ил ярилцдаг болно. Энэ зарчмыг өөрсдөөсөө эхэлнэ” гэдгээ эрсхэн хэлж байв.

Өнгөрсөн хугацаанд Баянхонгор аймаг уул уурхайн компаниудаас нийгмийн хариуцлагын хүрээнд жилд дунджаар 1 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Улсад, аймагт хуулийн дагуу оруулж байгаа татвар хураамж төлбөрөөс гадна Уул уурхайн салбараас нийгмийн хариуцлагын хүрээнд хийх бодит дэмжлэгийг тус зөвлөгөөнөөр нээлттэй танилцуулав.

Уул уурхайн салбараас 2021 онд нийт 9.7 тэрбум төгрөгийг босгох боломж байгааг дээр дурдсан. Тодруулбал, “Наран мандал Энтерпрайзес ХХК  2021 онд 2 тэрбум /4 жилд нийт 6 тэрбум/, “Эрдэнэ Монгол ХХК 3 тэрбум /4 жилд 7.5 тэрбум. Нийгмийн тусламж тусдаа/, “Жи энд Юу Гоулд 2021 онд 1.2 тэрбум /бүтээн босголт 800 сая/ Нийт 2 тэрбум, “Жи Эс Би Ресурс 2021 онд 1 тэрбум, “Вояжер минерал ресурсес 500 сая, бусад уул уурхайн компани 2 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх боломжтой байгаа юм байна.

Засаг дарга танилцуулахдаа, “Өнөөдөр энэ 10 тэрбум төгрөгөөр тендер зарлаж хэсэг бүлэг хүмүүст ажил өгөх биш аймаг нийтээрээ хөдөлж, илүү дүнтэй ажил хийж чадвал иргэдийн амьдрал дээшилнэ, аймаг орон нутаг хөгжинө. Эхний ээлжийн бэлдсэн төслүүдээ манай залуучууд танилцуулна. Буруу зөвийг хэлэлцэж засах зүйлээ засаж урагшаагаа ард иргэд нийтээрээ харж, хамтарч хэрэгжүүлнэ. Хэрвээ бид санал нэгдэж аймаг орны удирдлагын бодлогыг хөгжлийн зөвлөгөөнөөрөө дэмжвэл маш яаралтай уул уурхайн зөвлөгөөнөө зохион байгуулж, аймгийн ИТХ-аа хуралдуулж ажилдаа орно” гэдгийг хэлсэн юм.

Ийнхүү төслүүдийн танилцуулгыг хариуцсан ажилтнууд толилуулав.

 

                                 Газар тариалан, МАА-г хослуулан хөгжүүлнэ

Аймгийн газар тариалангийн салбарыг кластераар хөгжүүлэхэд хувь нэмэр оруулан, бүс нутагтаа жишиг болохуйц МАА, газар тариаланг хослуулсан, өөр хоорондоо хамаарал бүхий жижиг дунд үйлдвэрлэлийг байгуулж, өөрсдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангах зорилгоор “Ногоон шим” төслийг боловсруулжээ.

Баянхонгор аймгийн 12917 малчин өрхийг тэжээлээр хангаж, төв суурин газрын 32166 хүн амыг төмс, хүнсний ногоогоор хангах зорилтыг тэд дэвшүүлсэн байна. Ингэснээр нийт хүн амын төмс, хүнсний хангамжийг 30-70 хувиар, тэжээлийн ургамлын тариалалтыг 50 хувиар нэмэгдүүлэх аж.

Аймгийн хэмжээнд малын тоо толгой 2019 онд 5.9 сая байсан бол 2020 онд 3.8 сая болж 36 хувиар буурсан хэдий ч бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн хэвээр байгаа юм. Энэ нь нэмэлт тэжээлийн шаардлага зайлшгүй тулгарч байгааг илтгэж буй болохыг мэргэжилтэн тайлбарласан. Түүнчлэн сүүлийн 10 жилийн дүнгээр газар тариалангийн үйлдвэрлэлд 5.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 7 услалтын системийг сэргээн засварласан боловч аймаг орон нутгийнхаа хэрэгцээний малын тэжээл, төмс хүнсний ногоогоо хангаж чадахгүй байгаагийн улмаас бусад аймаг, сумдаас жил бүр өвс хадлан тэжээл бэлтгэж, мал сүрэгтээ тэжээлийн нөөц бүрдүүлэхэд 100-550 сая төгрөг зарцуулж байна. Иймээс энэ оноос 2000 га атаршсан талбайд тэжээлийн ургамал, төмс хүнсний ногоон тариалахаар төлөвлөжээ.

Үйлдвэрлэлд үндсэн 14, улирлын 30-50 ажлын байрыг нэмэгдүүлэх юм байна. Төслийн нийт хөрөнгө оруулалтыг 4.1 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн бөгөөд орон нутгийн оролцоог 17 хувиар тооцсон, төслөөс шаардлагатай хөрөнгө оруулалт нь 83 хувь буюу 3.4 тэрбум гаруй байхаар тооцсон байна.  

  

                         Мах нөөцлөх гүн хөлдөөгчтэй агуулах, зоорь барих төслийг танилцуулав

Дулааны өндөр тусгаарлалт бүхий мах нөөцлөх гүн хөлдөөгчтэй, хүнсний ногоо хадгалах хөргүүр бүхий орчин үеийн агуулах барих төслийг мөн танилцууллаа. Малчид, тариаланчдын өрхийн орлогыг нэмэгдүүлэх, аймаг орон нутгийн хэрэглэгчдийг чанартай мах махан бүтээгдэхүүн, хүнсний ногоогоор хангах, малчдын эв санаа, эдийн засгийн нэгдлийг бий болгох нь төслийн зорилго.  

Махны үнийн хэлбэлзлээс харахад, жил бүрийн 4-7 сард өсч, 10-12 сард буурдаг байна. Тооцооллоор, Нэг малчин өрх хоёр бод, 20 богийн махыг зах зээлийн ханшаар намар борлуулахад 3.5 сая төгрөг, хадгалж байгаад хавар борлуулахад 5.5 саяар борлуулах бөгөөд орлого нь 30 гаруй хувиар нэмэгдэх аж. Төслийн хүрээнд зоорь байгуулснаар дээрх орлого олох боломж бүрдэх юм.

Төслийг гурван үе шаттайгаар дөрвөн жил хэрэгжүүлэх бөгөөд 2021-2022 онд Баянхонгор аймгийн төвд 500 тонн багтаамжтай дулааны өндөр тусгаарлалт бүхий мах нөөцлөх гүн хөлдөөгчтэй агуулах, 300-500 тонн ногооны зоорь барихаар төлөвлөгджээ. Харин 2022-2023 онд говь болон хангайн бүсийн дөрвөн суманд 300-400 тонн, 2023-2025 онд үлдсэн 14 суманд 150-200 тонн багтаамжтай дулааны өндөр тусгаарлалт бүхий мах нөөцлөх гүн хөлдөөгчтэй агуулах, зоорь барихаар төлөвлөсөн байна.

Нэг жилд 3200 тонн мах буюу хонин толгойд шилжүүлснээр дунджаар 160-180 мянга хүртэл толгой малыг мах үнэд хүрэх цагаар зах зээлд борлуулж, малчдын орлогыг 30-50 хувиар өсгөх боломжийг нээж өгөх юм. Мөн аймгийн хүнсний хангамжийг нэмэгдүүлж, төмс хүнсний ногоо хадгалах хөргөлттэй зоорийн хангамжийг 50 хувьд хүргэж, үнийн хэлбэлзэл багатай хүнсний ногоог хүн амын хэрэглээнд нийлүүлнэ гэв.

Энэ онд барих агуулахын төсөв 1.6 тэрбум, тоног төхөөрөмжийн зардалд 350 сая төгрөг шаардагдаж байгаа аж.

 

                                       Аялал жуулчлалыг хөгжүүлах “Мөнх Шаргалжуут”

Шаргалжуут рашаан сувиллын экологийн тэнцвэрт байдлыг хангах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, рашааны ашиглалтаас орон нутгийн төсөвт орох орлогыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Мөнх Шаргалжуут” ОНАҮГ байгуулах төслийг танилцуулав.

Шаргалжуут нь Баянхонгор аймгийн аялал жуулчлалын 40 хувийг дангаар бүрдүүлдэг томоохон бүс. Төслийн хүрээнд ОНӨҮГ-ыг байгуулан Тусгай хамгаалалттай газар руу нэвтрэх үйлчилгээ, Рашаан эмчилгээ бүхий ваннуудыг орчин үеийн шийдлээр шинэчлэх, Рашаан бүхий саун, бассейн байгуулах, Ариун цэврийн рашааныг ашиглах, явуулын буюу өдрийн амрагчдад рашаан танилцуулах үйлчилгээ, хувийн сууц, майхан зэрэгт амрах үйлчлүүлэгчдэд зориулсан цогц шийдэл бүхий талбайг тохижуулахаар төлөвлөжээ.


                                     181 кг хуурай сүүг боловсруулна

Баянхонгор аймгийн ХАА-н салбарыг кластераар хөгжүүлэхэд хувь нэмэр оруулан, орон нутгийн онцлог Ламын Гэгээний улаан тэмээндээ түшиглэн эрүүл мэндийн өндөр ашиг тустай ингэний сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангах “Ингэний сүү үйлдвэрлэл” төслийг танилцуулав.

Нэмүү өртөг шингэсэн биологийн идэвхит хүнсний бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангаж, тэмээ бүхий малчдын өрхийн орлого нэмэгдэж, 24 хүнийг тогтмол ажлын байраар хангах замаар урт хугацаанд тогтвортой ажиллаж, аймгийн нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилтыг тэд тавьжээ.

2020 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 55458 тэмээний тоолуулсны 34 хувь буюу 18513 ингэ тоологдсон байна. Эдгээрийг бүрэн саалинд хамруулж чадвал жилдээ 1854.9 тонн сүүг эдийн засгийн эргэлтэнд оруулах түүхий эдийн нөөц байна гэж тооцоолжээ. Ийнхүү хоногт 2 тонн сүү боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийг Баянхонгор хотын Шинэ суурьшын бүсэд байгуулан, жилд 10 сар тасралтгүй ажиллахаар төлөвлөсөн байна. 11 литр шингэн сүүнээс 1 кг хуурай сүү гардаг бөгөөд үйлдвэртээ өдөрт 181 кг хуурай сүү боловсруулах боломжтой аж.

Ингэний сүү үйлдвэрлэлийн төслийнхөн судалгаа зэрэгтээ үндэслэн бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд голчлон нийлүүлэх юм байна.                                                              

Холбоотой мэдээ