АНУ “Johnson & Johnson”-ын вакцинд зөвшөөрөл олголоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-02-28 09:59:22

ВАШИНГТОН. /CNBC/. АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар “Johnson & Johnson/J&J/ компанийн “COVID-19”-ийн вакцинд онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олголоо. Коронавирусний илүү хурдан халдварладаг хувилбарууд орон даяар тархаж эхлээд буй энэ үед Америкийн эрх баригчид цар тахалтай тэмцэх гурав дахь вакциныг ийнхүү бүртгэв.


Хүнс, эмийн хяналтын газар бямба гарагт зөвшөөрөл олгосноор Засгийн газар “J&J”-ын дөрвөн сая орчим тун вакциныг орон даяар ирэх долоо хоногт түгээх төлөвлөгөөг хэрэгжүүлэх нөхцөл бүрджээ. “Pfizer”, Moderna”-гийн вакцинуудтай харьцуулахад энэхүү вакцин нь нэг тунтай бөгөөд олон сарын турш хөргөгчийн температурт хадгалах боломжтой гэдгээрээ онцлог байна.


J&J”-ын вакцин олон нөхцөлийг хялбаршуулж байгааг АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн Дархлаажуулалт, амьсгалын замын өвчин судлалын төвийн дарга, доктор Нэнси Мессонье онцлон тэмдэглэжээ. 


J&J” компанийн мэдээлснээр, АНУ-д нийлүүлэх вакцины тоо эхэндээ хязгаарлагдмал байх ажээ. “Манай компани гуравдугаар сарын эцэс гэхэд 20 сая тун вакцин нийлүүлэх төлөвтэй байна” гэж “J&J”-ын АНУ дахь үйл ажиллагаа хариуцсан дэд тэргүүн, доктор Ричард Неттлз мягмар гарагт Төлөөлөгчдийн танхимын хууль тогтоогчдод мэдээлжээ. “J&J” нь 100 сая тун вакциныг зургаадугаар сарын эцэс гэхэд нийлүүлэх гэрээг АНУ-ын Засгийн газартай  байгуулсан байна. 


Сүүлийн долоо хоногуудад Америкийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд америкчуудыг аль болох түргэн хугацаанд вакцинжуулахыг уриалах болсон юм. Тэд коронавирусний шинэ, илүү хурдан халдварладаг хувилбарууд, ялангуяа зах зээлд нийлүүлэгдсэн болон гарган авахаар ажиллаж буй вакцинуудын аль алиных нь үр дүнг бууруулж буй нь тогтоогдоод байгаа “B.1.351” хувилбарт ихээхэн санаа зовниж байна. “B.1.351” нь Өмнөд Африкт анх илэрсэн хувилбар юм.


J&J” вакцинынхаа мэдээллийг Хүнс, эмийн хяналтын газарт хоёрдугаар сарын 4-нд ирүүлжээ. Энэхүү вакцин нь бүс нутгуудад өөр өөр үр дүн үзүүлсэн бөгөөд халдвараас ерөнхийдөө 66 хувиар хамгаалж байгаа нь тогтоогджээ. Тодруулбал, АНУ-д 72 хувь, Латин Америкт 66 хувь, “B.1.351” хувилбар хурдацтай тархаж буй Өмнөд Африкт 64 хувийн үр дүн тус тус үзүүлсэн байна. “J&J”-ын мэдээлснээр, вакцин халдварын улмаас эмнэлэгт хүргэгдэх, нас барахаас 100 хувь сэргийлжээ.


COVID-19”-ийн бусад вакцины хувьд “Pfizer”-ийн вакцин 95 хувь, “Moderna”-гийн вакцин 94 хувиар сэргийлж байгааг тогтоосон юм. Харин халдварт өвчин судлалын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, “J&J”-ын вакцин нэг тунтайгаас гадна туршилт нь шинэ, илүү хурдан халдварладаг хувилбарууд тархсан үед явагдсан тул үр дүнгийнх нь үзүүлэлтийг нөгөө хоёр вакцинтай шууд харьцуулах боломжгүй ажээ.


Хүнс, эмийн хяналтын газар нь “COVID-19”-ийн аюулгүй хийгээд 50-иас дээш хувийн үр дүнтэй вакцинд зөвшөөрөл олгоно гэдгээ мэдэгдсэн билээ. Вакцинуудын үр дүнгийн үзүүлэлтийг томуугийн вакцинтай харьцуулбал, АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр томуугийн вакцин тариулсан хүмүүсийн томуу тусах эрсдэл нь тариулаагүй хүмүүсийнхээс 40-60 хувиар буурдаг байна.


Хүнс, эмийн хяналтын газар “J&J”-ын вакциныг 18-аас дээш насныханд тарихыг зөвшөөрсөн бөгөөд тус байгууллагын Вакцин, биологийн бүтээгдэхүүний зөвлөх зөвлөл уг вакциныг аюулгүй гэж дүгнэсэн юм. “J&J”-ын вакциныг хийлгэсний дараа ноцтой гаж нөлөө илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд толгой өвдөх, сульдах, булчин өвдөх зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрсэн гэж Хүнс, эмийн хяналтын газар мэдээлжээ. Мөн вакцин хийлгэсэн зарим хүнд нус гоожих, халуурах, тариулсан хэсэг хөндүүрлэх зовуурь илэрчээ. 

Холбоотой мэдээ