Ахмад багш нар үзэсгэлэн худалдаа гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-10 13:17:14

Ахмадын авьяас үзэсгэлэн худалдааг “Ахмад багш нарын холбоо”, Номундалай сургуулийн ахмад багш нарын багтай хамтран тусгай удирдамжийн дагуу бусад сургууль цэцэрлэгүүдийг хамруулан зохион явуулжээ.

Ахмад багш нарын бүтээлийн сан, тэргүүн туршлага, гарын авлага, сурах бичиг, өөрсдийн бүтээсэн шүлэг яруу найргийн ном зэргийг үзэсгэлэнд тавьж өөрсдийн бүтээлээ тайлбарлан, зарим нэгэн гарын авлагыг сургуулиудын, залуу багш нарт бэлэглэсэн байна. Үзэсгэлэнд нийт 10 гаруй багшийн бүтээл оролцсоноос Номундалай цогцолбор сургуулийн багш Г.Сандагдоржийн Монгол бичгийн бүтээлүүд үзэсгэлэнг сонирхогчдын талархлыг хүлээж, нүд хужирлаж байв.

Сургуулиуд ахмадуудынхаа хийсэн гар урлалын бүтээлүүдээр үзэсгэлэнд оролцож, Эрдэнэмандал ахлах сургуулийн ахмад багш Т.Чойжилсүрэнгийн 12 жилийн баг, морин хуур хөгжим сийлбэртэй шатар зэрэг нь ур хийц сайтай ихээхэн хөдөлмөр шаардсан чанартай сайн бүтээл болсон хэмээн үнэлэгдэв. Мөн шүрэн хэлхээгээр хийгдсэн сав, цүнх ан амьтаны дүрс оёж хатгасан даашинз юбка хантааз, зүү ороож оёсон хөөрөгний дайлан зэрэг бүтээлүүд ч байв. Маш олон бүтээл оролцоноос Номундалай цогцолбор сургуулийн Ч.Нарангэрэлийн уралсан Алтан гургалдайн хатгамал оролцогчдоос өндөр үнэлэлт авсан.

Жимс жимсгэнэ тарьж хүлэмж байгуулсан мод сөөг тарьж орчны үлгэр жишээ тохижуулсан болон газар тариалан, мал аж ахуй дээр ажиллаж буй байдлаа харуулсан, фото зураг дүрс бичлэг зэргийг бэлтгэж үзэсгэлэнд оролцогчид ч байсан. Дайвар бүтээгдэхүүн болон бусад дагавар бүтээгдэхүүнээр хийсэн хоол зууш, салат, шарсан хавирга, шарсан тахиа төрөл бүрийн мөөгтэй хоол эмээгийн цай зэрэг бүтээгдэхүүн оролцсоноос Номундалай цогцолбор сургуулийн ажилчин Д.Лхамноржингийн хийсэн хоол бусдаас давуу байсан тул хамгийн түрүүнд борлогджээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ