Нүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үзлэг хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-02-27 11:35:55

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Нүдний дотоод даралт ихсэлттэй тэмцэх /world glaucoma week/ Дэлхийн 7 хоногийн хүрээнд нүдний урьдчилан сэргийлэх үзлэгийг гуравдугаар сарын 1-21-ний хооронд зохион байгуулна.


Энэхүү урьдчилан сэргийлэх үзлэгт зорилтот бүлэг болон 40-өөс дээш насныхан, удамшилд нүдний дотоод даралт ихсэх эмгэг оношлогдож байсан иргэд 95845040 утсаар холбогдон цаг авч заасан хугацаанд хамрагдахыг Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээллээ. Үзлэгийг Нэгдсэн эмнэлгийн амбулатори тасгийн Нүдний кабинет №207 тоот өрөөнд зохион байгуулах ажээ.


Глаукомтой тэмцэх дэлхийн 7 хоног (WorldGlaucoma) Дэлхийн глаукомийн холбоо болон Дэлхийн глауком өвчтөнүүдийн холбооны дэмжлэгтэйгээр 2007 оноос хойш тэмдэглэж байгаа билээ. Уг өвчин нь хараагүй болох шалтгааны хоёрдугаарт катаракт буюу болор цайх өвчний дараа ордог байна. Глауком нь (нүдний даралт) Монгол Улсын 40-өөс дээш насны иргэдийн сохролын тэргүүлэх шалтгаан болдог бөгөөд нэгэнт хараа алдсан бол эргэн сэргэдэггүй, ямар нэгэн зовуурь илрэхгүйгээр ихэвчлэн өвчний эцсийн шатанд оношлогддог ноцтой эмгэг юм. Глаукомыг эрт оношилж чадвал эмийн болон мэс заслын аргаар сохролоос бүрэн сэргийлэх боломжтой гэдгийг мэргэжлийн эмч танилцуулав.


Холбоотой мэдээ