Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Беларусийн Элчин сайдтай уулзав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-25 17:17:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Беларусь Улсын Элчин сайд С.В. Чепурнойг өнөөдөр хүлээн авч уулзсан талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.


Уламжлалт найрсаг харилцаатай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад баяртай байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр илэрхийлэв. Ялангуяа, 2020 онд Минск хотноо Монгол Улсын Элчин сайдын яам нээгдсэн нь түүхэнд тэмдэглэгдэн үлдэнэ гэдгийг онцлов.  


Цар тахлын голомтыг хумих, тархалтыг зогсоох чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бусад улсад жишиг болохуйц гэдгийг Элчин сайд С.В.Чепурной тэмдэглэв.  


Уулзалтын үеэр гал унтраах, зам засварын болон цэвэрлэгээний автомашин, трактор, тоног төхөөрөмж, Улаанбаатар хотын орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх, сүү боловсруулах үйлдвэр, ферм байгуулахтай холбоотой Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн талаар ярилцав.


Харилцаа, хамтын ажиллагааг зөвхөн дээрх хэлэлцээрийн хүрээгээр хязгаарлалгүй, бусад салбарт ч өргөжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Холбоотой мэдээ