МОНЦАМЭ агентлагийг шинэчлэн байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2021-02-25 12:42:10
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1957 оны 68 тоот тогтоолоор Цахилгаан мэдээ газрыг байгуулах бэлтгэл ажлыг хангаж, улмаар 1957 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 260 тоот тогтоолоор “Үнэн” сонины дэргэд Монголын цахилгаан мэдээний газрыг шинээр сэргээн бие даалган байгуулж, даргаар нь Ж.Зундуйг томилжээ.

Харин 1957 оны 10 дугаар сарын 1-ний БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хавсарсан 430/363 тоот тогтоолоор Монголын цахилгаан мэдээний газрыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх

тусгай газар болгон товчилсон нэрийг МОНЦАМЭ байхаар тогтож, 11 дүгээр сарын 1-ний өдөр бие даасан байранд оруулав. Мөн МОНЦАМЭ агентлаг байгуулагдсантай холбогдуулан хэвлэл мэдээллийн болон инженер, техникийн ажилтнуудыг сургах, туршлага судлуулахаар ЗХУ-ын Москва хотноо ажиллуулав.

Шинээр байгуулагдсан МОНЦАМЭ агентлагийн инженер, техникийн ажилтнууд 1957 оны хамгийн сүүлчийн өдөр буюу 12 дугаар сарын 31-нд Зөвлөлтийн ТАСС агентлагтай анх удаа телетайпаар холбоо барьж, мэдээлэл солилцох ажлыг эхлүүлжээ.

Мөн 1958 оны 1 дүгээр сараас агентлагийн Хэвлэх тасаг байгуулагдаж, Засгийн газар, яамд, төрийн бусад байгууллагуудыг албан хэрэгцээний “нууц мэдээ”-гээр шуурхай хангах үүргийг гүйцэтгэж эхлэв.


Холбоотой мэдээ