УИХ дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн гишүүд БНЧУ-ын парламентын гишүүдтэй цахимаар холбогдов

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-02-23 18:53:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн дарга Б.Энхбаяр өнөөдөр (2021.02.23) Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын парламентын бүлгийн дарга Даниел Павластай цахимаар уулзав.


Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр цар тахлын үед хоёр улсын парламентын харилцаа, хамтын ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, Чех Улсын парламент дахь найрамдлын бүлгийн гишүүдтэй танилцаж, холбоо тогтоох зорилгоор энэхүү цахим уулзалтыг хийж байгаа нь чухал ач холбогдолтойг тэмдэглэв.


Уулзалтын үеэр талууд Монгол, Чехийн парламентын хамтын ажиллагаа, худалдаа, эдийн засаг, нийгмийн хамгаалал, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын харилцаа, консулын хөтөлбөр болон тахь нутагшуулах төсөл зэрэг харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцсон юм. Эдгээр салбарын хамтын ажиллагааг улам бүр идэвхжүүлэх, бодит нөөц боломжид нь хүргэж хөгжүүлэхэд хоёр талаас анхаарч, хамтран ажиллах шаардлагатай байгааг онцлов. Хоёр талын харилцаа, түүний дотор парламент хоорондын хамтын ажиллагааг дэмжих гол механизм болох найрамдлын бүлгүүд үүнд чухал үүрэг гүйцэтгэх тул цаашид бүлгийн гишүүд илүү ойр дотно, идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа харилцан илэрхийлэв.


Улсын Их Хуралд Монгол-Чехийн парламентын бүлэг анх 2000 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн оны сонгуулийн дүнд бүрэлдсэн парламентад тус бүлгийг 10 гишүүнтэй байхаар шинэчилсэн. БНЧУ-ын парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын парламентын бүлэг 9 гишүүнтэй ба бүлгийн даргаар Төлөөлөгчдийн танхимын гишүүн Даниел Павлас 2018 оны 11 дүгээр сараас хойш ажиллаж байна.


Цахим уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн дэд дарга С.Ганбаатар, бүлгийн гишүүн Э.Бат-Амгалан, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский, БНЧУ-ын парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын парламентын бүлгийн гишүүд оролцлоо.

Холбоотой мэдээ