Аймгийн ойд зориулсан "Хүндэтгэлийн хуралдаан" боллоо

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-02-23 17:49:33

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг үүсч байгуулагдсаны түүхт 90 жилийн ойд зориулсан “Хүндэтгэлийн хуралдаан”-ыг өнөөдөр аймгийн ИТХ-аас зохион байгууллаа. Хуралдаанд 41 төлөөлөгчөөс 39 нь оролцож, 95 хувийн ирцтэйгээр эхлүүллээ.

Хуралдааныг нээж аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж хэлэхдээ “Өвөрхангай аймаг бол монголчуудын дээдлэн уламжлах өв соёл, бахдан бахархах алдар суутнууд, монгол түмний хувь заяаг шийдсэн их түүхийн өлгий нутаг билээ. Тиймээс Өвөрхангайн түүх бол нэг аймгийн түүх биш, бүхэл бүтэн төв халхын түүх, цаашлаад бүх Монголын түүх юм” гэв.

Хүндэтгэлийн хуралдаанаар аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид, аймгийн удирдлагууд, ахмад настнууд Монгол Улсын Ерөнхий сайд асан Т.Намнансүрэн, П.Гэндэнгийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Мөн аймгийн Засаг дарга А.Ишдорж Өвөрхангай аймгийн түүхэн замналаар илтгэл тавьж, төрийн ахмад зүтгэлтнүүд ололт амжилтынхаа талаар дурдаж, аймгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй үе үеийн тэргүүний хүмүүсийг шагнан урамшуулсан юм.

Ирэх өдрүүдэд түүхэн ойгоо сурталчилсан эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал, баримтат кино, түүхэн ном бүтээхээр төлөвлөөд байна.

Холбоотой мэдээ