Тапан Мишра: Бидний өмнө бүх нийтийг вакцинжуулах үйлсийг бодит ажил болгох том сорилт хүлээж байна

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2021-02-23 12:14:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын хоёрдугаар төв эмнэлэгт “Асртазенека” вакцин хийлгэснээр Монгол Улсад коронавирусний дархлаажуулалтын ажил эхэллээ.


Энэ үеэр НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, “Та бүхэн бүс нутагтаа вакцинжуулалтын ажлыг эхэлж байгаа эхний орнуудын нэг гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Монгол Улс эхний ээлжинд цар тахалтай тэмцэх голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг дархлаажуулж байгаа түүхэн үйл явдал өнөөдөр тохиож байна. Цар тахалтай тэмцэж, хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд эрх баригчидтайгаа хүчээ нэгтгэн эв санааны нэгдэлтэй хамтран ажиллаж буй монголчуудыг Монгол Улс дахь НҮБ онцгойлон сайшааж байна.

Хүн ардаа хамгаалахын тулд цар тахлаас сэргийлэх вакцин авахын тулд шаардлагатай бүхнийг хийж байгаа Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэе. Мөн вакцин авч ирэхэд хичээл зүтгэл гаргаж ажилласан ГХЯ болон бүх талынханд гүн талархал илэрхийлж байна. Цар тахлын улмаас Монгол Улсын эрүүл мэндийн болон бүхий л салбарт учирч буй хохирлыг бид бүхэн мэдэрч байна. Дархлаажуулалтын аян нь бидэнд хүн амынхаа амь насыг авран хамгаалах итгэл найдвар төрүүлж байна. Энэхүү аян Монгол Улс сэргэн босож, хөгжин мандахын эхлэл хэмээн хүлээн авч байна.

Цар тахлаас сэргийлэх аюулгүй бөгөөд үр дүнтэй вакцин хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэхийн төлөө дэлхий нийтээрээ өмнө нь хэзээ ч тохиож байгаагүй их хүчин чармайлт гаргаж байгаа билээ. Бидний өмнө бүх нийтийг вакцинжуулах үйлсийг бодит ажил болгох том сорилт хүлээж байна. Дархлаажуулалтын хөтөлбөрийн хүрээнд сайтар төлөвлөж, санхүүжилт нь баталгаажсан хангамжийн сүлжээ, түгээлтийг үр дүнтэй зохион байгуулж, вакциныг тэгш шударга хүртээх нь зөв үйлс төдийгүй, ухаалаг ажил болно гэдэгт НҮБ итгэл төгс байна. ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн ажилтнууд КОВАКС хөтөлбөрөөс тусламж авахад Монгол Улсын Засгийн газарт техникийн тусламж үзүүлж ирсэн бөгөөд цаашид ч уг аяныг өргөжүүлэн тэлж, үр дүнтэй хэрэгжүүлэхэд тусалсаар байх болно.

Вакцин дангаараа биднийг цар тахлаас ангижруулахгүй учраас бид өнөөг хүртэл суралцаж ирсэн коронавирусээс сэргийлэх бусад аргатай хослуулах нь хамгийн найдвартай ажил байх болно. Ерөнхий сайдын хэлсэн уриалгын дагуу зай барих, амны хаалт зүүх, гараа сайн угаах нь маш чухал ач холбогдолтой. Энэ их тэмцлийн ард гартал нийгмийн эрүүл мэндийг хамгаалах эдгээр аргыг сайтар дагаж мөрдөхийн зэрэгцээ эрх баригчидтайгаа хамтран ажиллахыг монголчууддаа уриалж байна. Хүнд нөхцөлд орсон эдийн засгаа сэргээн босгохдоо эмзэг бүлгийнхнийг үл умартан, хэнийг ч орхигдуулахгүй байх зорилгоо чанд баримталъя. Хүн бүрийн аюулгүй байдлыг бүрэн хангах хүртлээ хэн ч эрсдэлд орох боломжтой гэдгийг бид мэднэ.

Монгол Улсын Засгийн газартай хамтран ажлын байрыг хамгаалах, энэ чиглэлд залуучууд, эмэгтэйчүүдийг дэмжихийн тулд хичээнгүйлэн ажиллах болно. Эцэст нь иргэний нийгэм, хувийн хэвшлийнхэн болоод хүн бүр эв нэгдэлтэй байж, өнөөдрийн хямралыг даван туулах, Монгол Улсдаа маргаашийн сайн сайхныг бүтээн босгох шийдлийг эрэлхийлэхийг уриалж байна” гэлээ. 

Холбоотой мэдээ