Х.Клинтоныг дэмжихээ Обама албан ёсоор мэдэгдэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-06-10 08:53:28

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших нь үндсэндээ тодорхой болоод байгаа Хиллари Клинтоныг дэмжиж байгаагаа Ерөнхийлөгч Барак Обама пүрэв гарагт албан ёсоор мэдэгдсэнээр хэдэн сарын турш яригдаж байсан эргэлзээ таамаглалд цэг тавилаа.

“Би түүнтэй хамт” гэж хэлж буй Обамаг харуулсан дүрс бичлэг хатагтай Клинтоны сонгуулийн сурталчилгааны цахим хуудаст тавигдсан байна.

Обама цааш ярихдаа “Энэ ажил ямар хүнд хэцүү болохыг би мэдэж байна. Хиллари үүнийг сайн хийж чадна” гэжээ.

Хиллари Клинтон өөрийгөө Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр зарласнаас хоёр хоногийн дараа буюу өчигдөр Обама интернэтээр ийм мэдэгдэл хийлээ.

Намын доторх эв нэгдлийг хангахын тулд Хиллари Клинтоны өрсөлдөгч сенатч Берни Сандерст шахалт үзүүлэх зорилгоор уг бичлэгийг хийсэн гэж шинжээчид дүгнэж байна. Клинтон нэр дэвшигчээр сонгогдох нь нэгэнт тодорхой болсон хэдий ч Сандерс кампанит ажлаа үргэлжлүүлсээр байгаа юм.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ