Коронавирусний гарал үүслийг судлах ажлыг идэвхтэй явуулахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-22 14:28:42

ВАШИНГТОН. /CBS/. Коронавирусний гарал үүслийн шалтгааныг олж тогтоох асуудалд Хятад хангалттай нээлттэй хандахгүй байна гэж АНУ үзэж байгаа бөгөөд ДЭМБ-тай хамтран явуулж буй үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг Хятадын эрх баригчдад уриалжээ.


Энэ тухай ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Жейк Салливан мэдэгдсэн байна. 


“ДЭМБ Ухань дахь цар тахлын гарал үүслийн талаарх илтгэлээ удахгүй танилцуулна. Бидэнд ДЭМБ-ын удирдлага дор хийгдсэн найдвартай, нээлттэй, ил тод олон улсын мөрдөн шалгалт хэрэгтэй. Цар тахал Хятадад цаашлаад дэлхий дахинд хэрхэн тархаж эхэлсэн тухай хангалттай мэдээллийг бидэнд өгөөгүй гэж үзэж байгаа учир зарим асуулт тодорхойгүй  хэвээр байна” гэж тэрбээр хэлжээ. 


ДЭМБ-ын шинжээчид коронавирусний гарал үүслийг судлахаар нэгдүгээр сарын 14-нд Ухань хотыг зорьсон юм. Тэд хоёр долоо хоног тусгаарлагдсаныхаа дараа Ухань хотын “Хуанань” далайн бүтээгдэхүүний зах, хэд хэдэн эмнэлэг, хотын вирус судлалын хүрээлэнгээр явсан байна.  Халдварт өвчний анхны дэгдэлт “Хуанань” захад хамгийн анх бүртгэгдсэн юм.

 

 

 

Холбоотой мэдээ