Агаарын хөлгөөр тээвэрлэсэн ачаа өмнөх оны мөн үеийнхээс 240.9 тонноор багасав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын хөлгөөр энэ оны нэгдүгээр сард 212.0 тн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 240.9 (53,2 хувь) тонноор багасжээ.
Агаараар дээрх хугацаанд дотоодод 11.0 (5,2 хувь) тонн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2.8 (33,4 хувь) тонноор өсөв. Харин олон улсад тээсэн ачаа 201.0 (94,8 хувь) тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 243.6 (54,8 хувь) тонноор багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Агаарын тээврээр зорчигчид өнгөрсөн сард 7.2 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх оны мөн үеийнхээс 108.3 (93,7 хувь) мянган хүнээр цөөрчээ. Агаарын тээврээр зорчигчид өмнөх сарынхаас 1.7 (18,6 хувь) мянган хүнээр багассан байна.
Агаарын тээврээр орон нутагт зорчигчид нэгдүгээр сард 5.8 (80,8 хувь) мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 26.5 (81,9 хувь) мянган хүнээр багаслаа. Үүнд Ховд чиглэлийн зорчигч 97,7, Улиастай чиглэлийн зорчигч 91,7, Өлгий чиглэлийн зорчигчид 91,6 хувиар багассан нь нөлөөлжээ.
Агаарын тээврээр олон улсад зорчигчид өнгөрсөн нэгдүгээр сард 1.4 (19,2 хувь) мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 81.9 (98,3 хувь) мянган хүнээр цөөрчээ. Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого энэ оны нэгдүгээр сард 9.3 тэрбум болж, өмнөх оны мөн үеийнхээс 20.8 (69,0 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх сарынхаас 11.4 (54,9 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа.