Э.Макрон вакциныхаа 4-5 хувийг хөгжиж буй орнуудад өгөх санал гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-02-19 18:12:08

ПАРИС. /BBC/. Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон коронавирусний вакциныхаа 5 хүртэлх хувийг хөгжиж буй орнууд руу илгээхийг Европ, АНУ-д уриалжээ.


“Вакциныг шударга хуваарилж чадахгүй бол дэлхий нийтийн тэгш бус байдал улам даамжирч болзошгүй” гэж Э.Макрон “Financial Times” сонинд мэдээлсэн байна.


Дэлхийн хэмжээнд одоогийн байдлаар вакцинжуулалтад хамрагдсан хүмүүсийн дийлэнх нь өндөр орлоготой орнуудад амьдарч байгаа юм.


Э.Макрон “Долоогийн бүлэг”-ийн удирдагчдын дээд хэмжээний цахим уулзалт баасан гарагт болох гэж буй үед энэхүү саналыг гаргажээ.


Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “COVAX” хөтөлбөрийг дөрвөн тэрбум ам.доллароор санхүүжүүлнэ гэдгээ уулзалтын үеэр мэдэгдэнэ гэж Цагаан ордон мэдээлжээ.


Үүний зэрэгцээ “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг даргалах Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “COVAX” хөтөлбөрт илүү их тун вакцин нийлүүлэх амлалт өгөх төлөвтэй байна.


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, дэлхий даяар коронавирусээр халдварласан хүний тоо 110 сая давж, 2.4 сая гаруй хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ