Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-19 14:18:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг НИТХ-ын төлөөлөгч, энэ хуулийн ажлын хэсгийн ахлагч Р.Дагва Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн өнөөдрийн хуралд танилцуулав.


Монгол Улсын Үндсэн хуулльд “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мөн”, “Монгол Улсын нийслэлийн эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасны дагуу УИХ Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг 1994 онд баталсан. Үүнээс хойш 26 жил нийслэлийн нийгэм, эдийн засгийн асуудлыг уг хуулиар зохицуулж иржээ.


Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва “Улаанбаатар хотод үйлчилж буй хууль тогтоомж нь өөр хоорондоо уялдаагүй, зарим зохицуулалт нь давхардсан, нийслэлийн эдийн засаг, нийгмийн амьдралын онцлогт тохирсон эрх зүйн зохицуулалтгүй явж ирсэн. Эдийн засаг, санхүүгийн асуудлаа бие даан шийдэх эрх зүйн боломж зарим талаараа хязгаарлагдмал зэрэг асуудал байгаа тул Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн боловсруулах шаардлагатай” гэлээ.


Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн бүтэц, зүйл заалтын 50-иас дээш хувийг өөрчилж байгааг харгалзан, Хууль тогтоомжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хуулийн төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулах юм.


Хуулийн төсөл нь нийтлэг үндэслэл, нийслэл хотын чиг үүрэг, эдийн засаг, санхүүгийн үндэс, удирдлагын тогтолцоо, удирдлагаас бусад этгээдтэй харилцах харилцаа, дагуул хот, хаяа тосгон, бусад гэсэн долоон бүлгээс бүрдэнэ.  


Тухайлбал, нэгдүгээр бүлэгт тухайн хуулийн үйлчлэх хүрээ, хэрэглэх хууль тогтоомж, нийслэлийн зохион байгуулалтын үндэс нь хотын онцлогтой холбоотой байхаар тусгах аж. Мөн нийслэл хот ба бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хоорондын харилцааны үндсийг энэ бүлгээр зохицуулна.


Энэ хуулиар нийслэл хотын эдэлбэр газар, бүсчлэлтэй холбоотой харилцааг Газрын тухай хууль, бусад хуультай уялдуулан зохицуулж, эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдэх чадвартай байх үндсийг тусгах аж.


Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, НИТХ-ын онцлог бүрэн эрхийг хуулиар тодорхойлж, Хотын ерөнхий менежерт зарим эрхийг шилжүүлэх аж. Хуулийн төсөл батлагдсанаар нийслэл хот, түүний удирдлагын эрх зүйн орчин боловсронгуй болж, хууль хэрэглээний болоод зохион байгуулалт, удирдлагын хувьд ойлгомжтой болж, Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нийцэн, хууль хоорондын уялдааг хангана гэж үзэж байна


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Хууль, засаглал, эдийн засгийн хувьд реформ хийж, санхүү, эдийн засгийн бие даасан, орчин үеийн шаардлагад нийцсэн өнгө төрхтэй, авлигалгүй Улаанбаатар хот бий болгохын төлөө ажиллана” гээд, Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. 


Тэрбээр хуулийн төсөлд Зөвлөлийн гишүүдийн санал болон хариуцсан салбар чиглэлээр санал өгөхийг эрчимжүүлэхэд анхаарч, хууль тогтоомжийн дагуу Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлэхийг Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва болон Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн гишүүдэд үүрэг болголоо.

Холбоотой мэдээ