Сум хоорондын хөдөлгөөнийг энэ сарын 21-ний өдрөөс эхлэн нээнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-02-17 10:46:26

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс хуралдаж сумдаас гарах, орох автомашин болон иргэдийн хөдөлгөөнийг 2021 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 06.00 цагаас эхлэн нээхээр боллоо.

Мөн бусад аймаг, хот хоорондох хөдөлгөөнийг 2 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл хязгаарласныг хэвээр үлдээлээ. Түүнчлэн барааны зах, үсчин, гоо сайхан, бариа засал, массажны газар, амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал, сэлбэгийн дэлгүүр, авто болон дугуй засвар, машин угаалга, түүхий эд авах, худалдах цэгүүд, хувцас болон гутал захиалга, засвар, ресторан, цайны газар, кофе шоп, халуун ус, саун, шашин, сүм хийдийн байгууллагуудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангуулсны үндсэн дээр 2021 оны 2 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн нээж ажиллуулахаар шийдвэрлэсэн юм.

Мөн Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад танхимаар давтлага өгөх бэлтгэл ажлыг хангах, халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангуулсны үндсэн дээр 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлүүлэхээр боллоо.

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх, хязгаарлалтын болон зохион байгуулалтын бусад арга хэмжээг авсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай захирамжийг хүчин төгөлдөр хэвээр мөрдөхөөр боллоо.

 

 

Холбоотой мэдээ