Цар тахлын үеийн дүн шинжилгээ хийхэд зориулсан систем ашиглаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-17 10:08:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОК-ын Шуурхай штабын дэргэд Орон зай дүн шинжилгээний баг “Орон зайн дүн шинжилгээний систем”-д нийслэлийн төвийн зургаан дүүрэгт коронавируст халдварын идэвхтэй 134 бүсийг тодорхойлж, шинжилгээ цуглуулах суурин болон явуулын 146 цэгийг бүртгэлжүүлээд байна.


Энэ систем нь УОК, НОК, төрийн бусад байгууллагыг цаг хугацааны мэдээллээр хангах, хүнсний хангамж, нөөцлөлт, сайжруулсан түлш нийлүүлэлт, “Ковид-19”-ийн шинжилгээний явцын хяналт, тархалт, төлөвлөлт хийх, цуглаж буй бүртгэл мэдээлэлд орон зайн дүн шинжилгээ хийж, нөхцөл байдалд уялдуулан шуурхай, оновчтой шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Харин иргэд, олон нийт, шинжилгээнд хамрагдах бүсийн хамрах хүрээ, шинжилгээ авах суурин цэгийн байршилхаягийг авах боломжтой.


“Нэг хаалга - Нэг шинжилгээ” тандалт илрүүлгийн шинжилгээний явцыг https://covid19.gerege.mn хаягаар, шинжилгээнд хамрагдах бүсийн хамрах хүрээ, шинжилгээ авах суурин цэгийн байршлын мэдээллийг https://arcg.is/18ujbi0 хаягаар орж газрын зураг дээрх “+” тэмдэглэгээ дээр 2 дахин дарж харах боломжтой.


Ингэснээр нийслэлийн бүх шатны байгууллага орон зайн байршилд суурилан мэдээллийн сангаа баяжуулан нийгэм, эдийн засаг, байгаль орчин, дэд бүтэц, статистикийн тоон мэдээллийг харьцуулан, судалгаанд суурилж асуудлыг шуурхай шийдэх, төлөвлөлт, орон зайн дүн шинжилгээнд оновчтой шийдвэр гаргах, иргэдийг хот төлөвлөлттэй холбоотой мэдээ, мэдээллээр хангана.

 

Холбоотой мэдээ