К.Харрис Э.Макронтой утсаар ярьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-02-16 12:10:22

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макронтой даваа гарагт утсаар ярьж, хоёр талын харилцааг бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.


Барак Обамаг Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байх үед дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жо Байден Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаагаа эхэлснээс хойш олон үйл ажиллагаанд К.Харристай хамт оролцсоноос үзэхэд улс төрийн болон бодлогын хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ дэд Ерөнхийлөгчөөр голлох үүрэг гүйцэтгүүлэхийг эрмэлзэж байгаа бололтой байна.


“Дэд Ерөнхийлөгч Харрис, Ерөнхийлөгч Макрон нар “COVID-19”, уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах, улс орондоо төдийгүй дэлхий дахинд ардчиллыг хөхиүлэн дэмжихэд хоёр талын болон олон талын хамтын ажиллагаа шаардлагатай байгаа тухайд санал нэгдсэн” гэж К.Харрисын ажлын албаны мэдэгдэлд тэмдэглэжээ. Мөн талууд Ойрхи Дорнод, Африк зэрэгт тулгамдаж буй бүс нутгийн сорилтуудын талаар хэлэлцжээ.


К.Харрис мөн Канадын Ерөнхий сайд Жастин Трюдотой энэ сарын эхээр утсаар ярьсан нь дэд Ерөнхийлөгчийн хувиар гадаадын орны удирдагчтай хийсэн анхны яриа хэлэлцээ болсон юм.


АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын халааг энэ оны нэгдүгээр сарын 20-нд авсан Ж.Байден холбоотон орнууд болон олон улсын байгууллагуудтай харилцаагаа сэргээж байгаа юм. Д.Трамп АНУ-ыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Парисын уур амьсгалын хэлэлцээрээс гаргасан билээ.


Ж.Байден нэгдүгээр сард Э.Макрон, Ж.Трюдо нартай мөн утсаар ярьсан юм. 

Холбоотой мэдээ