Цэцэн-Уул сумынхан уламжлалт наадгайг цахим орчинд дэлгэрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-02-15 22:20:10

Завхан/МОНЦАМЭ/. Цэцэн-Уул сумын Соёлын төвөөс сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж Монголын уламжлалт тоглоом наадгайг үр хойчдоо зааж сургах зорилготой аяныг өрнүүлжээ.

-“Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд энэ сарын 11-21-ний өдөр хүртэлх хугацаанд аймаг, сум хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа билээ. Мөн сум бүр баг хоорондын хөдөлгөөнийг баярын үеэр хязгаарласан. Тиймээс иргэд маань гэр гэртээ халдвар хамгааллын журмын дагуу шинэлж, үр дүнтэй цаг хугацааг өнгөрүүлэхийг уриалсан юм. Манай Соёлын төвөөс цар тахлын хөл хориог гэр бүлийн хүрээнд суралцах, унших, судлах, бие биедээ урам өгөх, зөв дадал, хандлагыг цахим орчинд түгээн дэлгэрүүлэхийг иргэн бүрд уриалдаг. Эдгээр уриалгынхаа хүрээнд ном уншлагын аян, гэрээр ном хүргэх үйлчилгээ, гэр бүлээрээ номтой нөхөрлөе гэхчлэн олон талын ажлыг явуулж байна. Энэ жилийн Цагаан сарын баярын битүүний өдрөөс эхлүүлсэн “Өв соёлоо эрхэмлэе” нэртэй Монголын уламжлалт тоглоом наадгайг гэр бүлийнхэндээ зааж өгөх, улмаар цахим орчинд уриалах аян амжилттай явж байна. Өнөөдрийн байдлаар 20 гаруй гэр бүл аянд оролцож буй мэдээллээ цахимд хуваалцаад байна. Эдгээр гэр бүлүүд цахимд 60 гаруй гэр бүлийг аянд уриалан дуудсан байна.

Цахим аянд оролцохдоо үндэсний хувцсаа өмссөн байх, уламжлалт тоглоом наадгайг сурталчлан гэр бүлээрээ тоглож буй зургаа байршуулж байгаа. Ингээд өв соёлтойгоо хамт байж бусдад эерэг хандлагыг түгээж буй гэр бүлүүдээ алдаршуулах, тэдэнд урам өгөх ажлыг бид аяны хугацаа дууссаны дараа цахим орчинд мэдээлнэ” гэж Цэцэн-Уул сумын Соёлын төвөөс мэдээлэв.

Цэцэн-Уул сумын Соёлын төвийн Номын санч Б.Ганчимэг:

Бидний өв соёл бол эх орны минь дархлаа,

тиймээс үр хойчдоо өвлүүлэх нь чухал

-Сайн байна уу? Сайхан шинэлэв үү? Цагаан сарын баяраар уламжлалт наадгайг үр хойчдоо өвлүүлэх цахим уриалга аяныг зохион байгуулж буйн учир юу вэ?

-Монголчууд бол үнэлж баршгүй өв соёлтой ард түмэн. Тиймээс цар тахлаас урьдчилан сэргийлэх хөл хорионы үед иргэдийг соён гэгээрүүлэх ажлаа манай Соёлын төвөөс цаг үргэлж өөрсдийн боломж нөхцөлд тохируулан хийж байна. Цар тахлын үеийн хөл хориог бид үр дүнгүй өнгөрөөх нь харамсалтай юм. Ялангуяа уламжлалт цагаан сарын баяраар бид аав, ээж, ах дүү хамаатан садандаа золгон, мэнд мэдэж, үр хүүхдүүддээ удам судраа танилцуулдаг сайхан уламжлалтай шүү дээ. Харин сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамраад буй цар тахлаас урьдчилан сэргийлэх, төр засгаас гаргаж буй бодлого шийдвэрүүд, дүрэм журмыг мөрдөж халдвар хамгааллын аюулгүй орчныг бүрдүүлэх үүрэг хүн бүрт ирээд байна.

Тиймээс энэ хөл хорионы үед иргэдийг соён гэгээрүүлэх ажил хоцрох ёсгүй юм. Тиймээс энэ жилийн Цагаан сарын баярын битүүний өдрөөс эхлүүлэн “Өв соёлоо түгээн дэлгэрүүлье” нэртэй аяныг цахим орчинд өрнүүлсэн юм. Монголчуудын наадгай нь нүүдэлчдийн амьдрал ахуйд тулгуурласан, тоглох аргын хувьд төгс боловсорсон оюуны чухал соёлын өв юм. Монгол тоглоомын дотор эртний хүмүүсийн амьдрал, үйл ажиллагааны шууд тусгал болон зохиосон тоглоом олон байдаг. Тухайлбал, чулуугаар бай онох, чулуу өнхрүүлэн уралдуулах, чулуугаар ус алгадуулах зэрэг тоглоом нь ан агнах, араатнаас биеэ хамгаалах үйл ажиллагаанаас үүсжээ. Монголчуудын тоглоом наадгайг насанд хүрэгчдийн ба хүүхэд залуучуудын гэж ангилдаг ба тэдгээрийг шагайн тоглоом, чулуун тоглоом, аман тоглоом, хөлөгт тоглоом, гар хуруугаар тоглох тоглоом, хөдөлгөөнт тоглоом, гэр барих тоглоом, оньсон тоглоом гэх мэтээр ангилдаг. Ардын тоглоомын санд 15 бүлгийн 800 гаруй тоглоом байдаг байна. Түүний дотор зөвхөн хөлөгт тоглоом гэхэд 130 гаруй нэр төрөл бий.  Мал сүргээ маллаж өсгөх, ан гөрөө хийх, ах захаа хүндлэх ёсыг хэвшүүлэхийг үлгэрчлэн харуулах зэрэгт монгол тоглоом хүмүүжлийн чухал ач холбогдолтой.

Тиймээс л гэр бүлийн баяр болох уламжлалт цагаан сарын баярын үеэр энэ өв соёлыг иргэн бүр сураасай гэж хүссэн юм.

-Монгол наадгай гэхээр иргэд маань ихэвчлэн ямар наадгайгаар тоглож аянд оролцож байна вэ?

-Манай сумынхан монгол наадгайг их тоглодог. Гэхдээ ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд, залуучуудыг нэгдсэн байдлаар уламжлалт тоглоом наадгайд дуртай болгох, тэднийг хөгжүүлэх олон талын ажлыг сумын сургууль, Соёлын төв, номын санчид хамтран хийж байгаа. Жил бүр л уламжлал болгож тэмцээн уралдааныг зохион байгуулдаг. Ер нь монголчууд үр хүүхдүүдээ тоглоом наадгайгаар нь дамжуулж, сурган хүмүүжүүлж, ертөнцийг таниулдаг уламжлалтай ард түмэн шүү дээ. Монголчууд оюун ухаан хөгжүүлэх оньсон тоглоомоороо дэлхийд дээгүүр байрт ордог. Модоор хийдэг нь хүүхдэд ямар ч хоргүй, оюун ухааныг тэтгэхээс гадна гарын булчин шөрмөсийг ч хөгжүүлдэг давуу талтай. Оньсон тоглоомыг 3, 6, 9, 12, 32 модны гэхчлэн ялгадаг юм билээ. Гадна хэлбэрийн хувьд ч маш олон янз бий. Монголын уламжлалт оньсон тоглоомыг урлах 3000 төрлийн арга буй хэмээн үздэг. Мөн шагайгаар наадах 80 орчим төрлийн тоглоом бий бөгөөд эртний уламжлалтай. Морь уралдуулах, бөгцөг няслах, шагай шүүрэх зэргийг мэдэхгүй хүн ховор. Мөн оюунтүлхүүр, үйчүүр, хорол гээд монголчуудын тоглоом наадгай бий. Анд бололцохдоо шагай солилцдог байсан нь нэгэн биеийн холбоотой хоёр мөч мэт салшгүй байхын бэлгэдэл байжээ.

Мөн нутаг нутгийн онцлог байх шиг байна. Учир нь манай нутгийнхан бол алаг мэлхий өрөх, морь уралдуулах, бөгцөг няслах, шагай шүүрэх наадгайгаар ихэвчлэн наадаж байна.

-Та монгол наадгайнаас жишээ татаж тайлбарлахгүй юу? Жишээлбэл танай нутгийнхны нааддаг алаг мэлхий наадгайн учир утгыг хэлж өгөөч?

-Эрхийн чинээ биетэй, эрдэнийн дөрвөн талтай шагай нь уламжлалт тоглоомын эртний төрлүүдийн нэг юм. Амьтны шаант ясны үзүүрт оршдог жижиг цул яс буюу шагайгаар наадах 80 орчим төрлийн тоглоом бий. Морь уралдуулах, бөгцөг няслах, шагай шүүрэх зэргийг мэдэхгүй хүн байхгүй ээ. Монголчууд алаг мэлхийг битүүний орой өрж, шинийн нэгэнд тоглодог уламжлалтай.

Энэхүү тоглоомыг хэдэн ч хүн тоглох боломжтой бөгөөд 92 эсвэл 108 шагайгаар өрнө. Тоглогчид ээлжээр шоо хаяж, хоёр нүхээр буувал нүд, чих, бөөр зэрэг хос эрхтний аль нэгийг авах боломжтой. Хэрэв зургаагийн тоо буувал хүзүү, нурууны аль нэг эгнээний зургаан шагайг өөрийн болгодог. Хамгийн олон шагай хожсон хүн ялагч болно. Түүнчлэн шагай дуусахад дахин тоглох бөгөөд шооны нүхний тоогоор өрнө. Хэрвээ хоёр буулгавал нүдийг, гурав бол толгой, дөрөв байвал шилбэ зэргээр мэлхийн дүрсийг гаргадаг. Шагайн наадгай нь хүүхдийг дэг журамтай болгож, нүдний харааг сайжруулж, ажигч гярхай болгоход дөхөмтэй байдаг. Бас энэ бол гэр бүл, хамаатан садны тоглоом ч гэж нэрлэдэг. Зарим нутагт алаг мэлхий тоглоомыг гэрт ирсэн зочид бүгд оролцож наадахаас гадна түрүүлсэндээ хурууд бэлэглэдэг ёстой. 

Мөн зарим нутагт хорол наадгайг нааддаг юм билээ. Даалуу хэмээх наадгай Монголд Манжийн үед түгжээ. Тэр үед монгол ноёд, бүсгүйчүүд даалуугаар мөрийтэй тоглодог байжээ. Харь улсын хорон явуулгаас үндэстнээ хамгаалах зорилготой хүмүүс хамтран хорол хэмээх тоглоомыг бүтээсэн түүхтэй. Уг тоглоомд 12 жилийн амьтны дүрсүүд, эрхэм шударгын хорол, эрдэнэсийн бэлгэдэл чандмань, амар жаргалын өлзий хээ гурван толгой мод байна.

Зарим нутагт хас, очир, цэцгийн дүрсийг ч оруулдаг. Хорлыг тоглохдоо моднуудыг доош харуулан тарааж, тав, зургаагаар давхарлан өрнө. Ингээд тойрч суусан хүмүүсээс ахмад настай нь эсвэл шодож таарсан хүн нь тараадаг. Эхний хүн модыг дангаар эсвэл ижилсүүлэн гаргаж, дараагийнх нь тэндээс сонгох буюу дагуулж өгнө. Ийм маягаар гэр барьж, хэн олон гэртэй болсон нь хождог ажээ. Хорол хамтач ёс, бие биеэ хүндэтгэх зан төлөвшүүлэхэд ач холбогдолтой. Оролцогчид тоглоомын явцад “12 жил” дууг мөн харилцан дуулдаг юм байна. Мөн даалууны мод бүрд зориулсан орчин үеийн үг хэллэг ч бий болсон байдаг. 

Харин Оюунтүлхүүр хэмээх тоглоом нь хүн бүр бие барсныхаа дараа тамын оронд заавал очдог хэмээн нэгэн домогт өгүүлдэг. Тамын орон нь газрын гүнд оршдог, есөн үетэй гэнэ. Үе бүр нь өлсөх, цангах, даарах, халууцах гээд өөр өөрийн зовлонтой. Хэцүү бэрхийг туулан есөн үеийг давсан хүн диваажинд очих жамтай. Тамын орноос гарах сүүлийн хаалгыг оньсоор цоожилсон байдаг. Ган төмрөөр хийсэн тэрхүү бат бөх цоожийг онгойлгоход ямар ч багаж хэрэгсэл, түлхүүр нэмэргүй. Зөвхөн хурц ухаантай, уйгагүй хөдөлмөрч хүн л цоожийг тайлах учиртай ажээ. Оюун түлхүүр тоглоомын түүх ийм. Эцэг эхчүүд нь энэхүү тоглоомыг тоглох аргыг хүүхдүүддээ хэзээ ч зааж өгдөггүй. Хонь малаа бэлчээхээр явахад нь “Үүний учрыг нь ол” хэмээн өгч явуулдаг байжээ. Үүнийг мөн чамабалын түлхүүр гэж нэрлэх нь ч байдаг байна. Уг тоглоом нэг оньсыг тайлахаас эхлээд хэдэн зуун үйлдэлтэй цагираг болтлоо хөгжжээ. Гэхдээ үхлийн дараах амьдралд бэлдэхээс илүүтэй үр хүүхдийнхээ гүйлгээ ухаан, тооцоолох чадварыг хөгжүүлэхийн тулд оюун түлхүүрийг тайлуулдаг байсан нь ойлгомжтой юм. Тэгэхлээр бидний монголчуудын уламжлалт наадгай бол амьдралын ухаан, алсын хараа байжээ гэдэг нь монгол наадгайн үүх түүхээс илт харагдаж байна. Бидний өв соёл бол эх орны минь дархлаа, тиймээс үр хойчдоо өвлүүлэх нь чухал юм гэж бодож гэр бүлийн хүрээнд монгол наадгайгаа суралцангаа цахим орчинд бие биедээ зөв дадал, уламжлалт өв соёлоо түгээе гэж дээрх ажлыг хийж буй юм. 

-Танд баярлалаа. 

Холбоотой мэдээ