Нарендра Моди АНУ-ын Конгресст үг хэлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-09 11:56:01

ВАШИНГТОН. /ВВС/. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди АНУ-ын Конгрессын индрээс үг хэлэхдээ, тус хоёр улсын хооронд харилцан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриалжээ.

Моди лхагва гарагт Вашингтон хотноо Сенатын болон Төлөөлөгчдийн танхимын нэгдсэн хуралдааны үеэр үг хэлсэн байна.

Тэрбээр АНУ-ыг "Энэтхэгийн хувьд зайлшгүй чухал түнш” гэж тодорхойлоод, “Миний мөрөөдөл бол Энэтхэгийн ард түмнийг цэцэглэн хөгжиж буй нийгэмд сайн сайхан амьдруулах явдал” гэж онцолжээ.

Одоогоор жилд 7 хувийн өсөлттэй байгаа Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийг улам нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлэхийн тулд тус улсад хөрөнгө оруулалт хийхийг АНУ-д тэрбээр уриаллаа.

Аюулгүй байдлын салбар дахь харилцааны тухайд Моди хэлэхдээ “Энэтхэг-АНУ-ын нягт түншлэл нь Энэтхэгийн далайгаас Номхон далай хүртэлх бүс нутгийн энх тайван болон тогтвортой байдлыг бэхжүүлнэ” гэсэн байна.

Н.Моди АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай өнгөрсөн мягмар гарагт уулзахдаа хоёр улсын батлан хамгаалахын салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцсон юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ