Зөвшөөрсөн салбарынханд 180 автобус 21 чиглэлд үйлчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зөвшөөрсөн салбарын байгууллагууд маргаашнаас ажиллаж эхлэхтэй холбогдуулан нийтийн тээврийн 21 чиглэлд 180 автобус үйлчлэхээр болсон талаар Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр мэдээллээ.
Нийслэлийн Засаг дараг бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар маргаашнаас үйлчлэх нийтийн тээврийн зохион байгуулалтыг холбогдох албаны хүмүүсээс тодруулж үүрэг чиглэл өгсөн юм.
Нийтийн тээврээр өдөрт 30 мянган иргэн зорчино гэж тооцсон бөгөөд өглөө 07.00-09.00, өдөр 12.00-15.00, орой 17.00-22.30 гэсэн цагийн хуваариар үйлчилгээнд гарна. Шаардлага гарвал нэмж 20 автобус явуулахаар зохицуулсан хэмээн Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр хотын даргад танилцууллаа.
Засгийн газрын тогтоолоор, Бүх нийтийн бэлэн байдлын үед ажиллахыг зөвшөөрсөн 14 салбарын ажилтан, албан хаагч зорчих бөгөөд биедээ ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхийг заавал авч явах юм. Мөн хөдөлгөөн оролцохдоо гэр-ажил-гэр гэсэн чиглэлийг баримтлахаар худалдаа, үйлчилгээ эрхлэгчидтэй тохиролцсон хэмээн ТЦА-ны Замын цагдаагийн газрын дэд дарга С.Жавхланбаатар танилцуулав. Шадар сайдын өгсөн чиг үүргийн дагуу нийслэлийн хөдөлгөөнийг энэ сарын 23-ныг дуустал тав орчим хувьд барина хэмээлээ. Мөн голомттой бүсээс өвчин гарахаас сэргийлж заавал PCR шинжилгээ өгсөн байхыг жолооч болон зорчигчдоос бүх алба хаагчид шаардана гэв.