ЕХ Африкийн улсуудад тусламж санал болгов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-06-09 09:24:06

БРЮССЕЛЬ. /ВВС/. Цагаачдын урсгалыг зогсооход чиглэсэн хүчин чармайлтыг дэмжин хамтран ажиллаж буй улс орнуудад Европын Холбоо /ЕХ/ тусламжийн болон хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдийг санал болголоо.

Европын Комисс /ЕК/ уг саналыг өнгөрсөн мягмар гарагт танилцуулжээ.

Африкийн улсуудаас, ялангуяа Ливиэс Европ руу явж буй цагаачдын тоо нэмэгдэх хандлагатай байна гэж ЕК мэдэгдсэн байна.

Тусламжийн шинэ төлөвлөгөөний дагуу, цагаачдыг хууль бусаар тээвэрлэгчдийг илрүүлэх болон хилийн хяналтыг сайжруулахад ЕХ-той хамтран ажиллаж байгаа тэдгээр улсад ЕХ анхаарал тавин туслах аж. Европоос өөрийн иргэдээ буцааж авах гэж буй улсуудад мөн онцгой тусламж үзүүлнэ.

ЕХ ирэх 5 жилийн хугацаанд уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд  9 тэрбум доллар зарцуулахаар тооцоолжээ. 

Үүнээс гадна гишүүн улсууд болон хувийн байгууллагуудаас санхүүжилт босгох замаар 35 тэрбум орчим долларын хөрөнгө бүхий шинэ сан байгуулахаар ЕХ төлөвлөж байна.

Өнгөрсөн оноос хойш 1.2 сая гаруй цагаач, дүрвэгчид Европт иржээ. Тэдний олонх нь Ойрхи Дорнод болон Африкийн улсуудын иргэд юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ